Архангайнхан хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэд мөнгөн эмээл хазаартай морь бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-31 12:42:43
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Монгол Улсын хүчит арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэх баяр наадам гурван өдөр болж өнгөрлөө. Наадмаар хязаалан, соёолон насны морьдын уралдаан болж, хүчит 128 бөх зодоглож, сурын мэргэн харваачид болон гар шагайнхан цэц мэргэнээ сорьсон сайхан наадам боллоо.
Монгол Улсын хүчит арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ, ардын хувьсгалын 96 жилийн баяр наадамд амжилттай сайн барилдаж улсын харцага цол хүртсэн С.Бадарч, Улсын начин цол хүртсэн Ж.Дагва-Очир болон улсын наадамд соёолон түрүүлгэсэн улсын начин Г.Батбаатар нарт Архангай аймгийн ЗДТГ-аас мөнгөн эмээл хазаартай морь бэлэглэсэн байна. Мөн Архангай аймгийн баяр наадамд түрүүлсэн аймгийн арслан Л.Жамбалд гарын бэлэг гардуулжээ. Хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэд Монгол улсын дархан аварга Б.Бат-Эрдэнээс "Зүлэг ногоон дэвжээндээ таван удаа хүч бяраа сорин үзүүр түрүү булаалдаж олон түмнийг баясгаж “Хоёр Эрдэнэ” нэрийг авсан билээ. Бид хоёрын тэмцэл худал хуурмаггүй үнэн хүчийг үзсэн ариухан өрсөлдөөн байсан шүү анд минь" гэсэн үгтэй баярын бичгийг улсын наадамд хамгийн анх үзүүр түрүүнд үлдэж байхдаа авахуулсан зургийн хамт бэлэглэжээ.
Энэ мөчид Арслангийн нүдэнд баярын нулимс мэлтэлзэн байлаа. Бөхбилэгт дэвжээнээс улсын арслан Д.Мөнх-Эрдэнэд “ланд 200” машин бэлэглэсэн бол агаарын тээврийн “МИАТ” компаниас 2 өрөө байр бэлэглэжээ. Баяр наадмын 3 дахь өдөр болсон Үндэсний сурын харваанд 1-р байр А.Энхтөр, Д.Оюунханд нар оржээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ