Даамын "Дэлхийн цом"-ын тэмцээний шилдгүүд тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2017-07-27 09:39:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо болж байгаа 100 буудалт даамын “Дэлхийн цом”-ын тэмцээний сүүлийн тойргийн тоглолт өнөөдөр явагдаж, ялагчдаа тодруулна.

Дэлхийн өндөр зэрэглэлийн даамчид оролцож буй энэхүү тэмцээний 8 дугаар тойргийн дараах байдлаар олон улсын их мастер, ОХУ-ын тамирчин А.Шайбаков, дэлхийн 10 удаагийн аварга А.Чижов, их мастер И.Трофимов нар 12 оноотой тэргүүлж, түүний араас 11 оноотой 8 тамирчин удаалж байна.

Монголын тамирчдаас олон улсын их мастер Г.Ганжаргал, дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин, их мастер Д.Эрдэнэбилэг нар хамгийн өндөр 11 оноотой, 9-11 дүгээр байрт бичигдэж байна. Шийдвэрлэх тоглолтод Г.Ганжаргал дэлхийн 9 удаагийн аварга А.Георгиев, Б.Мөнхжин их мастер А.Гетманский, Д.Эрдэнэбилэг эмэгтэй их мастер М.Ноговицына нартай тус тус оноолт таарчээ.

Эмэгтэйчүүдийг ОХУ-ын их мастер М.Ноговицына, А.Идрисова нар 10 оноотой тэргүүлж, Монгол Улсын спортын мастер, 2017 оны улсын аварга Е.Ариунзаяа гуравдугаар байранд өрсөлдөж байна. Хэрэв Е.Ариунзаяа 3 дугаар байрт шалгарч чадвал “Дэлхийн цом”-ын нэгдсэн жагсаалтад 11 дүгээр байрт шалгарах юм.

Манай тамирчид энэ удаа дэлхийн шилдгүүдтэй маш сайн өрсөлдөж байна. Дэлхийн даамын холбооны мастер Ч.Хашчулуун, дэлхийн 9 удаагийн аварга, одоогоор дэлхийн чансааг тэргүүлэгч, олон улсын их мастер Александр Георгиевтай тэнцсэн өргийг мэргэжилтнүүд ихээхэн онцолсон гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.
Ж.Болор
Холбоотой мэдээ