Өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-26 13:33:29
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах тухай" аймгийн Засаг даргын А/359 тоот захирамж гарчээ.

Уг захирамжид мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө гаргаж, мал аж ахуйн болон сумын төвийн албан байгууллагуудын өвөлжилтийг бэлтгэл хангуулах ажлын хэсэг байгуулан ажиллуулах, хадлан бэлтгэх төлөвлөгөөний дагуу малын тэжээлийн нөөц бий болгох, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, отроор өвөлжих малчдын судалгааг гаргах, отроор очих сумын удирдлага болон хил хамгаалах байгууллагуудтай тохиролцож шийдвэр гаргуулахыг сумдын Засаг дарга нарт, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх, шинжилгээ, угаалга, туулгалт, боловсруулалтыг технологийн хугацаанд чанартай хийлгэх, өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг онцгой комиссын хуралд оруулан шийдвэрлүүлэх, сум, багийн мал өвөлжилт, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажлын явцад хяналт тавих зэрэг асуудлуудыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт тус тус даалгажээ.

Мөн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн болон ус, дулаанаар хангах байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахыг харьяа агентлагийн удирдлагуудад үүрэг болгожээ.

Захирамжид зааснаар сум, газар, хэлтэс, агентлагууд ирэх сарын 1-ний өдөр хүртэл өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөгөө гаргах бөгөөд 9 дүгээр сарын сүүлийн 10 хоногт аймгаас томилсон ажлын хэсэг шалган дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх аж. 

Ө.Нурболат
Холбоотой мэдээ