Оросын нисэх онгоц агаарт дэлбэрсэн байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-04 11:38:12

КАИР. /Sputnik/. Оросын нисэх онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн цогцсыг шинжилсэн бөгөөд зорчигч тээврийн “Airbus A321” нисэх онгоц агаарт дэлбэрсэн байх магадлалтай гэж Египетийн шүүх эмнэлгийн мэргэжилтэн хэлсэн байна.

10 дугаар сарын 31-д Египетийн Шарм-Эль-Шейх хотоос Санкт-Петрбургийн чиглэлд нисч явсан "Когалымавиа" агаарын тээврийн компанийн “The Airbus 321” нисэх онгоц Синайн хойгт осолдсон юм. Онгоцонд явсан 224 хүн амиа алдсан уг осол Оросын иргэний агаарын тээврийн салбарт гарсан хамгийн том гамшиг болоод байна.

"Онгоц газарт унахаас өмнө томоохон дэлбэрэлт болсон байх магадлал ихэнх цогцосны шинжилгээнээс төрж байна” гэж цогцос шинжлэх багт байсан шүүх эмнэлгийн мэргэжилтэн хэлжээ.

Мөн ДНХ-ийн шинжилгээгээр цогцсыг тодорхойлох боломжтой гэж мэдээлэв.

“The Airbus 321” нисэх онгоцны ослыг мөрдөн шалгах хорооны уулзалт ослын газарт болсон байна. Мөрдөн шалгах хороонд Египет, Орос, Франц, Герман, Ирланд улсын шинжээчид багтжээ.  

Мөрдөн шалгах ажиллагаанд хэдэн сар зарцуулж магадгүй гэж Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Сиси мэдэгдээд байна.

Х.Амина

Холбоотой мэдээ