Монголын тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-20 14:41:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал өнөөдөр боллоо.
 
Эх орноо батлан хамгаалахаас эхлээд хот, аймаг сумдын бүтээн байгуулалт, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжил зэрэг бүхий л үйл хэрэгт тээвэрлэлтийн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүндэтгэлийн хурлын нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Тэртээ 1925 онд морин өртөөнөөс түүхээ эхэлсэн монголын тээврийн салбар өдгөө цахим системд бүрэн шилжих ажлыг амжилттай эхлүүлж байна. Бид монголын автотээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, улс орны хөгжилд тээврийн салбарын оруулах бодит хувь нэмрээ улам нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэхүү зорилтоо ч амжилттай хэрэгжүүлж байна” гэлээ.

Хүндэтгэлийн хурлын үеэр салбарын сайд Д.Ганбат Төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүст шагналыг нь гардууллаа. Тухайлбал, АТҮТ-ийн Нягтлан бодогч Ж.Чулуунсүрэн, Дотоод аудитын ахлах мэргэжилтэн Д.Бурмаа,  Техникийн хяналтын үзлэгийн инженер Ж.Алтанцэцэг нар "Алтан гадас", ахлах мэргэжилтэн М.Энхзаяа, мэргэжилтэн Л.Амгаланбаатар нар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаав.

Мөн хамт олноо манлайлан ажилласан 21 хүн “Авто тээврийн тэргүүний ажилтан”, 11 хүн “Онц тээвэрчин” цол тэмдэг гардууллаа.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ