Байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-20 12:52:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан гаргасан Нийслэлийн засаг даргын захирамж дагуу хуурайшилтын зэрэглэл буурах хүртэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх болон үйлчилгээ эрхлэхийг хориглоод байна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас ногоон бүсэд аялахгүй байх болон галын аюулгүй байдлыг хангах талаар иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах, байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгожээ. Мөн дүүргүүдийн Засаг дарга нарыг түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гал гарсан тохиолдолд шуурхай ажиллах томилгоот бүрэлдэхүүнүүдийг бэлэн байлгахыг  үүрэг болгов.Үүрэг даалгаврын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдаж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж эхэллээ. Дүүргийн ногоон бүс бүхий хороодын нутаг дэвсгэрт эргүүлийн пост гарч, иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий хэвлэмэл хуудас тарааж, тээврийн хэрэгсэл, хүн олноор зорчдог газруудад урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх самбар байршуулж байна.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ