Холбооны мөрдөх товчооны тэргүүн асан ном бичнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-16 14:16:35
НЬЮ-ЙОРК./TASS/. 5 дугаар сард АНУ-ын Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн Жеймс Коми ажил амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үеийн тухай ном бичиж байгаа тухай бямба гарагт The New York Times сонинд бичжээ.

Уг сонинд мэдээлснээр, Ж.Коми энэ долоо хоногт “Javelin” гэдэг хэвлэлийн газрын хэд хэдэн төлөөлөгчидтэй цуврал уулзалт хийжээ. Тус хэвлэлийн компани түүний хийх бүтээлийг хэвлэн гаргах эрхийг авахаар ихээхэн сонирхож байгаа аж. Хэвлэн гаргах эрх авах уралдаант шалгаруулалтыг ирэх долоо хоногуудад явуулахаар төлөвлөж байна.

“Энэ номонд манлайлагчийн зан чанар, үнэний эрэл, ажиллах хугацаандаа авсан сургамж, туршлагын талаар өгүүлэх юм. Мөн Д.Трампын засаг захиргааны үед түүнд тохиолдсон явдлуудын талаар энэ номонд мөн өгүүлнэ” гэж “Javelin” хэвлэлийн газрын төлөөлөгч Мэтт Латимер ярьжээ.

5 дугаар сарын 9-нд Д.Трамп ажлаа хангалтгүй хийж байна гэсэн үндэслэлээр Ж.Комиг албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Ингэснээр 10 жилийн хугацаагаар томилогддог ХМТ-ны захирал дөрөв жил хүрэхгүй хугацаанд ажиллаад халагджээ.

6 дугаар сард The New York Times сонинд Ж.Комигийн эхнэртээ гар утсаар явуулсан мессежүүд нийтлэгдсэн юм. Дээрх мессежүүд нь ХМТ-ны тэргүүн асан Ж.Коми эхнэртээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хийсэн нууц уулзалтууд, утасны ярианы талаарх мэдээллийг задруулж байсныг гэрчилж байгаа юм. Тус сонинд бичсэнээр, Ж.Коми Ерөнхийлөгч Д.Трампт таагүй ханддагаа нуудаггүй байсан аж.
О.Барс 

 

 

 

 


Холбоотой мэдээ