Улсын статистик, бүртгэлийн газрыг УИХ-ын харъяалалд оруулахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-03 12:49:23

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2016 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг болон дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал оруулж ирснийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Тухайлбал, Хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдэд тусгасан УБЕГ, ҮСХ-г нэгтгэж, Улсын статистик, бүртгэлийн газар байгуулан  Засгийн газарт харъяа байгууллага болгох заалтыг өөрчилжээ. Улсын статистик, бүртгэлийн газрыг УИХ-ын харъяалалд оруулах нь зөв гэж үзсэнийг гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гаргасан 2016 оноос өмнө концессийн гэрээгээр хийх ажлаа дуусгасан аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийг олгох, ирэх онд хийх шинэ бүтээн байгуулалтын жагсаалтыг эргэн харж, нэн шаардлагатай эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгаас бусад бүтээн байгуулалтыг цуцлах зэрэг санал олонхийн дэмжлэг авлаа.

Ийнхүү байнгын хороо санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ