Сумын цол олгох барилдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-05 09:14:45
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан сумын Засаг даргын нэрэмжит сумын цол олгох залуу бөхчүүдийн барилдааныг аймгийн Спортын ордны шинэ дэвжээн дээр явууллаа.
Барилдааны нээлтэд сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Засаг дарга Б.Азжаргал болон сумын ИТХ-ын Төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр Дархан сумын ЗДТГ-аас “Бид Олимпийн эзэд-2” хөтөлбөрийн хүрээнд үндэсний бөхийн дэвжээг гардуулж өгөв. Барилдаанд нийт 16 бөх барилдсанаас Г.Ган-Очир сумын заан, Б.Эрхэмбаяр сумын харцага, П.Өсөхбаяр, Б.Батзаяа нар сумын начин цол хүртлээ. Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал: “Улсын баяр наадмын өмнө явагддаг сумын цол олгох барилдааныг манай сум Засаг даргынхаа нэрэмжит болгосноор жил бүр уламжлал болгон явуулж байна. Энэ барилдаанд манай аймгийн бүх сумын залуу бөхчүүд ирж барилддаг онцлогтой. Барилдаан энэ удаа Спортын ордны шинэ дэвжээнд боллоо. Анх 1974 онд байгуулсан хуучин дэвжээ шинэчлэгдэлгүй өдий хүрсэн юм. Шинэ дэвжээтэй болсноор ирээдүйн олон сайхан хүчтэнгүүд төрж гарна гэдэгт итгэж байна” гэв.
                                                                                                                                                          Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ