Ордос аймгийн иргэн Дундговийн хүүхдүүдэд тэтгэлэг илгээдэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-04 22:59:24
Дундговь/МОНЦАМЭ/ ӨМӨЗО-ны Ордос аймгийн Хангин хошууны иргэн Хөгжилт Монгол Улсын Дундговь аймгийн Өндөршил сумын хүүхдүүдэд тэтгэлэг өгч эхэлжээ. Тэрээр сар бүр 100 юанийг 5 хүүхдэд өгөх бөгөөд өнөөдөр эхний тэтгэлэгээ илгээсэн байна.
Өнгөрсөн сард Өндөршил сумын Соёлын төвийн дэргэдэх “Говийн эгшиг” хамтлагийн хүүхдүүд ӨМӨЗО- ны Шилийн гол аймгийг зорьсон. Хүүхдүүд Шилийн гол аймгийн Авга хошуунд “Бөмбөрцөгөө хайрлая” уриан дор зохион байгуулсан соёлын солилцооны хөтөлбөрт уригдсан юм. Энэ үйл ажиллагааг “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”- ыг санаачлан өрнүүлж байгаа Монгол Улсын “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ, ӨМӨЗО- ны Шилийн гол аймгийн “Хадан зураг” жуулчны баазтай хамтран зохион байгуулжээ. “Говийн эгшиг” хамтлаг “Тал нутгийн аялгуу” хэмээх тоглолтоо Авга хошууныханд сонирхуулсан байна. Монгол Улсдаа Дуу хуурын өлгий нутаг хэмээн дуудуулдаг Дундговь аймгийнхаа байгаль, зан заншил, уламжлал, дуу хуурын өв соёлыг таниулан сурталчлахад чиглэсэн язгуур урлагийн үзүүлбэрүүдээс тоглолтоо бүрдүүлсэн гэж Өндөршил сумын Соёлын төвийн эрхлэгч Т.Мөнхцэцэг тодотгосон бөгөөд хүүхдүүдийн тоглолт Авга хошууны ард иргэдийн талархал хүндэтгэлийг хүлээжээ.
Хүүхдүүдийг Авга хошуунд ийн саатах үеэр мянга орчим км хол оршдог Ордос аймгийн Хангин хошуунаас иргэн Хөгжилт  зорин ирсэн байна. Тэрээр Чингисийн онгоны дархад хүн бөгөөд ардын язгуур урлагийн өв соёлоос суралцан, авъяасаа хөгжүүлж яваа хүүхдийг дэмжин, сар бүр тэтгэлэг илгээж байхыг хүссэн байна.  
Дархад гэдэг нь Чингис хааны онгон шүтээнийг сахин хамгаалах үүргийг хүлээсэн, энгийн ардаас ялгаатай, дархан байр суурьтай хүнийг хэлдэг ажээ.
Иргэн Хөгжилт “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”- д хүсэл зоригоороо дэмжин нэгдсэн 500 гаруй өвөрмонголчуудын нэг бөгөөд урлагийн авъяастай монгол хүүхдүүдийг дэмжих хүсэлтээ урьд нь илэрхийлж байсан гэнэ. Тиймээс “Говийн эгшиг” хамтлагийн 5 хүүхдэд 18 нас хүртэл нь сар бүр ийнхүү өөрийн тэтгэлэгийг илгээж байхаар болжээ.
Тодотгож хэлэхэд, “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян” нь долоо дахь жилдээ өрнөж байгаа юм. Энэ хугацаанд 10 аймгийн тавь гаруй сумын нутаг мөн нийслэлийн бүх дүүрэгт нийт 15 төрлийн 90 мянган мод тарьсан байна. Мод тарьж, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаагаа чиглүүлэхдээ өөрийн орны төдийгүй элэг нэгт өвөрмонголчуудыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд тэд Хөгжилт шиг  бусдын сайн сайхны төлөө хүмүүнлэгийн олон үйлс бүтээжээ.
 
Т. Отгонтуяа 

 
 
Холбоотой мэдээ