Мал олноор шивээтэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-03 20:50:04
Дундговь/МОНЦАМЭ/ Хур тунадас ховор байгаагаас бэлчээрийн ургамал хатаж, үүнээс улбаалан бог мал шивээтэх бэрхшээл учирч байгааг малчид хэлж байна. Шивээтэх гэдэг нь хялгана их ургасан бэлчээрт ялангуяа бороо хургүйн улмаас шивээ их хэмжээгээр үүсч, малын үс ноосонд шивж тогтоод арьс, мах руу нь шигдэн орохыг хэлдэг. Улмаар малын дотор эрхтнүүдийг сүлбэн өвчлүүлдэг байна.
Мөн малын хамар, ам, эрүү, хэл тагнайд орж, эрүү, хэл хөдлөхөд нь хөндүүрлэн өвс тэжээлээ идэж чадахгүй болох, тарга хүчээ хурдан алдах, хөлд нь шивж хатгаснаас хавдаж доголох зэрэг аюултай ажээ.  
Малчин Н. Өлзийтуяа, “Манай нутгаар намартаа хур тунадас сайн унасан тул хавар угтамж чийгтэй, ногоо эрт ургасан. Мал овоо ногоо идлээ дээ гэж олзуурхаж байтал бороо хур орохгүй гандаж, хялгана шивээтэн мал бэлчээрлэхэд ихээхэн бэрхшээл учруулж байна. Манай энэ хавийн малчид бэлчээр сэлгэн нүүсэн” гэлээ.
Шивээтсэний улмаас мал үхсэн хэд хэдэн тохиолдол гарчээ. Хэрвээ усархаг бороо ширүүвтэр орчихвол шивээ унадаг юм байна. Ингэсэн тохиолдолд шивээ нь хялганын үндэс болж хөрсөнд хадгалагддаг ажээ.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ