Д.Аманбек: 47 хэсэгт техникийн тооллого хийхэд зөрчил илрээгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбек өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "СЕХ-ны тогтоол болон намуудаас гаргасан хүсэлтийг үндэслэн 47 хэсэгт техникийн тооллого хийхэд ямар нэг зөрчил илэрсэнгүй" хэмээн мэдээллээ.
Баян-Өлгий аймаг нь 89 хэсэгтэй. 89 хэсгээс 42-т нь зургадугаар сарын 26-нд тооллого явуулсан. Үүнээс 47 хэсэгт нь техникийн тооллого хийгээгүй байжээ.
Тооллогыг явуулахын өмнө Баян-Өлгий аймгийн гурван намын хороонд зургадугаар сарын 29-нд албан бичиг хүргүүлж, техникийн тооллогод ажиглагч оролцуулах хүсэлт тавьжээ. Ингэхэд МАН-аас дөрвөн ажиглагч ирүүлсэн бол АН, МАХН-аас хяналтын тооллогод ажигчлагч оролцуулахаас татгалзсан.
Өнгөрсөн сарын 29-ний өдрийн 17 цагаас 30-ны өдрийн 12 цаг хүртэл хугацаанд техникийн тооллогыг явуулж дуусгасан. Ингэхэд аймгийн хэмжээнд ноцтой зөрчил илрээгүй хэмээн тус аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбек хэллээ.
Өнгөрсөн сарын 26-нд болсон сонгуулийн үеэр Баян-Өлгийн аймгийн санал хураалтын дүн хамгийн их оройтсон. Энэ нь зарим хэсгийн хороо аймгийн төвөөсөө алслагдсан, мэдээгээ дамжуулах гэж хол зам туулж цаг алдаж байсан, тухайн өдөр бороо орсон, нэг хэсгийн хорооны ажилтан осолд орж гэмтсэн зэрэгтэй холбоотой аж.
Иймд Сонгуулийн Ерөнхий хороо Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хороонд дараагийн санал хураалтын дүнг оройтуулахгүй байх үүрэг чиглэл өгчээ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал