Дэлхийн технологийн хөгжлийг тодорхойлогч инженерүүд Монголд чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-06-30 16:33:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нисгэгчгүй агаарын хөлөг Дрон, 3D сканнер, шугам хоолойны хяналт шалгалтын  гэх мэт олон дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг Австрали, Испани, Сингапур, Малайз, Индонез, Нидерланд зэрэг улсын тусгай мэргэжлийн инженерүүд танилцуулах уулзалт 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо болно.
Уулзалтын үеэр инженерүүд өөрсдийн шинэ технологийн ач холбогдлыг дэлгэн харуулахаас гадна дэлхийн технологийн хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцохоор төлөвлөжээ. Дэлхийн стандартад нийцсэн 21-р зууны технологийг Монголд нэвтрүүлж эхэлснээр манай улсад хэрэгжиж буй төслүүдийн аюулгүй ажиллагаа, үр бүтээмжинд өндрөөр нөлөөлнө гэж зохион байгуулагчид үзэж байна.
Олон улсад жишиг сорил болон ашиглагдаж буй дэвшилтэт болон энгийн үл эвдэх сорилын техникүүдийг үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлж өгснөөр эвдрэл гэмтэл, хэвийн бус ажиллагааны шалтгааныг тогтоох, аюулгүй ажиллагаа болон эд хөрөнгийн үнэлгээ өгөх зэрэгт ашиглах боломжтой. Үл эвдэх сорилын хэрэглээ технологийн салбарт өсч буй нь компаниуд үйлдвэр, тоног төхөөрөмжийнхөө ашиглах хугацааг уртасгах, мөн өсөн нэмэгдэж зах зээлийн хэрэгцээнд хөл нийлүүлэн алхахтай холбоотой юм.
Уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, барилга, эрчим хүч гэх мэт олон төрлийн салбарт технологийн шинэчлэлийг авчирч чадах олон техникүүдийг танилцуулах ажлыг олон улсад салбартай Аплас компанийн Монгол дахь салбар Аплас Монгол компани зохион байгуулж байгаа юм. Тус байгууллага нь дэлхийн стандартад нийцсэн хүний нөөцийн үйлчилгээ үзүүлдгээс гадна үйл ажиллагаагаа глобал брендтэйгээ уялдуулан инженерингийн салбарт өргөжүүлэн, өнгөрсөн онд шинээр нээгдэж буй уурхайн талбарын хяналт шалгалтыг Дрон ашиглан хийж, зурагжуулж, видео хийснээс гадна Сайншанд болон Цэций дэхь салхин цахилгаан станц гэх мэт сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллаж Монгол инженерүүдэд үлгэрлэж чадсан.
Ирэх пүрэв гарагт буюу 7-р сарын 6-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдах дэвшилтэт технологийг газар дээр нь шууд үзүүлэн таниулах нээлттэй өдөрлөгт урьдчилсан байдлаар 300 гаруй хувийн болон төрийн байгууллагын төлөөлөл оролцохоор мэдүүлснээс гадна инженерингийн чиглэлийн их сургуулийн профессорууд оролцохоор хүсэлтээ ирүүлжээ. Зохион байгуулагчдын зүгээс сонирхсон бүх хүмүүс, албан байгууллагад нээлттэй мэдээлэл өгөх юм байна.
 
Холбоотой мэдээ