Н.Учрал:Олон мянган багш хичээлийн шинэ жилээс өмнө хуультай болохыг хүлээж байгаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр Төрийн ордонд Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрбээр “Бид олон жил боловсролын салбарын асуудлыг ярьсан. Тэр дундаа багш нараас олон зүйл шаарддаг мөртлөө багш нарт ямар ч боломж олгохгүй өдий хүрлээ. Багш, эмч нарын асуудлыг нэгдүгээрт тавих ёстой гэж ярьсны үндсэн дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багш, эмчийн цалин урамшууллыг нэмэх асуудлыг тодорхой хуульчилж зохицуулалтыг нь оруулж өгсөн. Тэр утгаараа Багшийн хөгжлийн тухай хуулийг нийслэл, 21 аймгийн 10 мянган багш нарын дунд 3 жилийн хугацаанд хэлэлцүүллээ. Ингээд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу УИХ-д өргөн барихад АН-ын бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага авсан. Хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байхад АН-ынхан хэлэлцэхгүй гээд байгаагаа одоо зогсоох хэрэгтэй. Монголын олон мянган багш нар хичээлийн шинэ жилээс өмнө хуультай болчих юмсан гээд хүлээж байгаа” гэлээ.
Төрийн албан хаагчийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Уг хуулийн төсөлд багш, эмчийн 36 сарын нөхөн олговор, удаан жилийн нэмэгдлийг суулгаж өгөхөөр хуульчилсан. Иймд Багшийн хөгжлийн тухай хуулийг баталвал багш нар ажлын байрандаа хөгжих боломжтой, цалин хөлс, урамшууллынх нь механизм нь шийдэгдэнэ гэдгийг ч УИХ-ын гишүүн Н.Учрал онцолсон юм. Мөн багш нар орон сууцны зээлд хөнгөлөлттэй хамрах, МУБИС-ийг төгссөн залуу боловсон хүчин заавал багшлах эрхийн гэрчилгээ авах шаардлагагүй болох юм байна.
Улсын хэмжээнд ЕБС, их, дээд сургуулиудад 40 гаруй мянган багш ажиллаж байна. Мөн хуулийн төслийн хүрээнд СӨБ, ЕБС, их, дээд сургууль, албан бус боловсролын төв, хүүхдийн зуслан, тодорхой сургалтын төв, чийрэгжүүлэлтийн төвийн багшид хамаарах аж.
Б.Туул