Казахстаны Охидын Багшийн Их Сургуультай оюутан солилцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-30 13:09:54
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ховд Их Сургуулийн  аймаг дахь салбар сургууль БН Казахстан Улсын Охидын Багшийн Их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Уг санамж бичигт багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал, хичээлийн олимпиад зохион байгуулах, оюутан солилцох асуудлууд тусгагдсан байна. Энэ талаар Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал С.Гаура: "Тодорхой шалгалтад тэнцсэн оюутнууд казах хэл, хөгжим, бага анги, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлүүдээр БН Казахстан Улсын Охидын Багшийн Их сургуульд суралцах боломжтой. Сургалтын төлбөрийн хэмжээг манай улсын их, дээд сургуулиудын сургалтын төлбөртэй ижил түвшинд, тогтмол байлгахаар тохиролцсон. Мөн оюутнууд маань тус сургуулийн дотуур байранд үнэ төлбөргүй амьдрах боломжоор хангагдана. Хамгийн гол онцлог нь тухайн оюутнууд эхний жилдээ Өлгий хот дахь манай салбар сургуульд сонгосон мэргэжлүүдээрээ суралцаж, дараагийн жилээс Алматы хотод  үргэлжлүүлэн суралцах юм" гэв.

Мөн тус оюутан солилцооны гэрээнд зөвхөн казах биш, монгол охид ч хамрагдах бүрэн боломжтойг энэ үеэр онцоллоо.   

Дашрамд хэлэхэд, БН Казахстан Улсын Охидын Багшийн Их сургууль нь 1944 онд анх байгуулагдсан бөгөөд төрийн мэдлийн шилдэг их сургуулиудын тоонд багтдаг ажээ.  

Ө.Нурболат
Холбоотой мэдээ