Японы Тэнгисийн цэргийн хүчин шинэ шумбагч онгоцтой боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-02 15:46:32

ТОКИО. /TASS/. Японы  хамгийн сүүлийн үеийн дизель-цахилгаан хөдөлгүүртэй 4200 тоннын усан түрцтэй "Сэкирю" цохилтын шинэ шумбагч онгоцыг тус улсын Кобе боомтоос усанд тавьжээ. Уг шумбагч онгоцыг “Kawasaki Shipbuilding” корпораци бүтээсэн байна.

84 метр урт "Сэкирю"-г 6 шумбадаг минын аппаратаар тоногложээ. Уг аппаратуудаас мөн хөлөг онгоц-хөлөг онгоц ангиллын "Гарпун" пуужинг харваж болдог байна.

Энэ нь дэлхийн хамгийн шилдэг байлдааны шумбагч онгоц гэж шинжээчдийн үздэг “Сорю” хүнд ангиллын найм дахь шумбагч онгоц юм. Усан дор байх хугацаагаараа уг шумбагч нь атомын шумбагч онгоцтой ойролцоо бөгөөд чимээ бараг гаргадаггүйгээрээ ялгаатай аж. Ийм ангиллын шумбагч онгоцуудыг цэргийн усан онгоцны үйлдвэрүүддээ бүтээх талаар Японтой хамтран ажиллах асуудлыг Австрали судалж байгаа аж.

Токио одоогийн байдлаар Тэнгисийн цэргийн хүчиндээ байлдааны 16,  сургуулилтын 2 шумбагч онгоцтой байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ