Ижил зүсмийн унаагаар гангарах ёс, малын зүсний утга учрыг нүүдэлчдийн соёлын наадмаар танилцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-29 17:34:04
Завхан/МОНЦАМЭ/. Нүүдэлчдийн соёлын наадмын сонирхолтой үзүүлбэрүүдийн нэг нь сайхан сарлаг, тэмээ, морьтой хосуудыг шалгаруулах юм. Түүнчлэн Монголчуудын малын зүс ашиг шимтэй ямар холбоотой талаарх сонирхолтой мэдээллийг ч авах боломжтой ажээ. 
Энэхүү арга хэмжээний үеэр 24 сумаас оролцож буй хосууд үндэсний хувцасаараа гоёхоос гадна морь, тэмээ, сарлагаа ижилсүүлж  гоёл, тоноглолоор чимж өрсөлдөх юм байна. Сонирхуулахад нүүдэлчин Монгол эрчүүд  өнгө хосолсон мориор гангарахдаа хоёр цагаан, хоёр хар морь хослуулж унадаггүй, бүсгүйчүүд нь дангаараа морь хослуулан унаж гангардаггүй ёстой ажээ. Мөн Монголчуудын таван хошуу малаа хэрхэн зүслэдэг талаар  мэдээлэл сурталчилгаа хийгдэх ажээ. Монголчуудын малаа бүртгэх гол арга нь тоолохгүй, зүслэж бүртгэдэг аман хууль болон уламжлагдсан нь нэн гайхалтай. Мөн таван хошуу малынхаа ашиг шим, эмчилгээний хосолмол шинжүүдийг зүсэнд нь шингээж, зүсээр нь таньж мэдэн өөрсдийн хэрэгцээнд тохируулан өсгөн үржүүлж ирсэн уламжлалтай ажээ.
Тухайлбал цагаан гүүний саам, улаан үнээний сүү, цагаан ямааны сүүг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг монгол уламжлал нь Монголчууд малын биологийн увидасыг зүсэнд байгааг мэдээд зүсээр ялгасан байна. Мөн цагаан зүс нарны гэрлийг их ойлгодог, хар нь их шингээдэг физикийн хуулиар цагаан зүстэй мал бээрэг, бараан зүстэй мал өлчир тул Монголын бүх малын ихэнх нь бараан зүстэй гэхчлэн нүүдэлчдийн наадмын зочин та энэ үеэр малын зүс, ашиг шимийн талаарх нутаг, нутгийн сонирхолтой мэдээллийг эндээс авч болох юм байна.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ