Чухал шаардлагатай газруудад дизель мотор ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-29 11:58:12
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өчигдөр /06.28/ оройны 22.00 цагаас хойш цахилгаангүй байна. Учир нь Булган, Орхон аймгийн хооронд борооны өмнөх хүчтэй салхины улмаас эрчим хүчний шугамын 13 тулгуур шон унажээ. Үүний улмаас Орхон аймгаас баруун тийш зургаан аймгийн цахилгаан тасраад байгаа юм.

Архангай аймгийн онцгой комисс өглөө 10.10 цагт хуралдаж одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид хэрхэх, гарч болох эрсдлийг хэрхэн давах талаар ярилцлаа.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ий Хангайн бүсийн салбарын 110/35/10 кв-ын Цэцэрлэг дэд станцийн инженер Ч.Хүрэлбаатар: “Булган, Дархан, Багануур, Хархорин зэрэг газруудаас нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг гэмтэл гарсан газарт ажиллаж байгааг, мөн газар дээр нь Эрчим хүчний сайд П.Ганхүү ажиллаж байгааг мэдээллээ. Унасан тулгуур бетонон шонгуудыг шинээр хийх, харин төмөр шонгуудыг угсрах бөгөөд материал саатахгүй бол 3-4 хоног шаардагдана” гэсэн мэдээллийг хийлээ.

Аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа: “Аймгийн хэмжээнд 550 гаруй өвчтөн эмчилгээнд орж байна. Аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэг дээр нэг дизель, хүүхдийн тасагт бага оврын дизель мотор асааж байна. Нэгдсэн эмнэлгийн хэмжээнд нийт 5 мотор зэрэг ажиллаж байна. Морг болон цусны салбар банк дээр нэг нэг мотор асаахгүй бол хүндрэл учирч болзошгүй. Одоогоор 5 моторт өдөрт 100 гаруй литр шатахуун зарцуулж байгаа ч хэвийн ажиллаж байна. Нэгдсэн эмнэлэг усгүй байна. Усны асуудлыг шийдэхгүй бол ариутгал хамгаалалтын горим алдагдах хүндрэл гарна. Бас нөөцөнд мотор байх шаардлагатай” гэв.

Харин “Ундарга” ХХК-ийн зүгээс “Усны эх үүсвэр дээр 380 квт-ын цахилгаан тасралтгүй гаргадаг дизель мотор байршуулж байж аймгийн төвийн хүн амыг ундны усаар хэвийн хангана” гэлээ.

Аймгийн онцгой комиссын хурлаар бусад байгууллагуудад байгаа том, жижиг моторуудыг цуглуулж нөөцөнд авч, бэлтгэл бэлэн байдлыг хангах, холбогдох түлш шатахууныг судалж, тооцоолон зохицуулах, ундны усны эх үүсвэр болох Таруугийн эх үүсвэр дээр 380-ын цахилгаан гаргаж иргэдэд ундны усыг 3-4 хоногийн хугацаанд тасралтгүй түгээх, дээр нь аймгийн нийт иргэдэд үүрэн холбооны операторуудтай хамтран мэссэжээр мэдээллийг түгээх ажлуудыг хийхийг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ