Өвлийн бэлтгэлийг есдүгээр сарын 1-ний дотор дуусгахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-28 18:06:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багануур”, “Шивээ Овоо” компанийн эрчим хүчний зориулалтаар олборлон борлуулж байгаа нүүрсний үнийг бодит өртөгт ойртуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханд зөвлөв.

Мөн Япон Улсаас зээлсэн зээлийн өр төлбөрөөс дээрх хоёр компанийг чөлөөлөх тухай судлаж танилцуулахыг сайд, холбогдох албан тушаалтанд даалгалаа. Төв, суурин газрын өвлийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр арга хэмжээ авч, есдүгээр сарын 1-ний дотор хийж дуусгахыг холбогдох сайд нар, нийслэл, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг соёрхон батлах төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” болон ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг  УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

“Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засаг хүндрэлтэй энэ үед халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зорилготой юм.

Хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг илүү үр дүнтэй болгох, зорилтот бүлэгт чиглэсэннэгдсэн мэдээллийн баазыг шинэчлэх зэрэг бодлогын 18 арга хэмжээг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд 11-ийг нь бүрэн хэрэгжүүлж дуусаад байна.

Азийн хөгжлийн банкнаас авах 150 сая ам.долларын зээл нь 15 жилийн хугацаатай. Үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм.

“Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр” нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийн өөрчлөлт хийх, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэх, тавих хяналтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зорилготой.

Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил,  эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм.

9 дүгээр сарын нэгэн гэхэд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж дуусна

Зун, намрын отор нүүдэл хийх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болон хадлан бэлтгэж аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж аймгуудад олгохоор боллоо.

Өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирч, холбогдох газруудтай гэрээ байгуулах, малын гоц халдварт өвчин, хортон мэрэгч, шавжтай тэмцэх, отор хийх нутагт шинээр худаг гаргах, малчдад үзүүлэх тусламж, үйлчилгээ, хадлан тэжээл, ургац хураалтын үеийн бэлэн байдлаа хангах зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 хувьд нь бэлчээрийн ургамал сайн ургасан бол 70 хувьд дунд, 10 хувьд муу байна. Одоогоор улсын хэмжээнд 517 мянган га-д тариалалт, үүнээс 25 мянга гаруй га-д тэжээлийн ургамал тариалжээ.

Товч мэдээ

- Гашуунсухайт боомт дахь төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, албан хаагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны болон ахуйн хэрэглээний усаар хангах зорилгоор 20 тоннын цистерн худалдан авахыг зөвшөөрөв. Мөн боомт дахь Мэргэжлийн хяналтын албан хаагчдын 2016-2017 оны илүү цагийн хөлсийг олгоход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

- “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Дэлхийн банкны 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр боллоо. Төсөл нь төсөв, санхүү, нийгмийн хамгааллын салбарын хууль эрх зүйн орчин, төсвийн зарлагын удирдлагын чанар, төсвийн сахилгыг бэхжүүлэх зорилготой юм.

- УИХ-ын гишүүн Я.Санжмятав нарын санаачлан боловсруулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ