Үндэсний бичгээр хаягжуулах ажилд Завхан аймаг тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-28 17:37:40
Завхан /МОНЦАМЭ/  Завхан аймаг албан байгууллага, гудамж талбайн хаягаа кирилл болон монгол бичгээр бичиж  улсын хэмжээнд хаягжилтаараа тэргүүлжээ.
Монгол хэлний тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 17.1.2.-д харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар нь бичиж хэвших ажлыг зохион байгуулна гэж заасанчлан бүх нийтээр кирил болон үндэсний бичгээрх хаягжилт, тэмдэглэгээтэй болох ажлыг Монгол улсын хэмжээнд зохион байгуулжээ. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албанаас гаргасан судалгаанаас үзэхэд Завхан аймаг  80 хувьтай энэ ажилд тэргүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар 24 сумын төрийн болон хувийн байгууллагууд ААН-үүд монгол болон кирилл, англи хэлээр бүрэн хаягаа солиод байгаа ажээ. Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 333 сум, дүүрэг, яам тус бүрт Хэлний бодлогын үндэсний салбар зөвлөл ажилладаг бөгөөд одоогийн байдлаар хаягжилт улсын хэмжээнд 40 гаруй хувьтай явж байгаа аж.  Хэлний бодлогын үндэсний зөвлөл нийслэл, хөдөө орон нутаг дахь албан байгууллагуудад  долоодугаар сарын 1-н  хүртэл байгууллагынхаа гадна хаяг болон  доторх өрөөний хаяг, тэмдэглэглээг монгол бичгээр бичсэн байх санал хүргүүлж байгаа юм. Тус зөвлөл  “Байгууллагынхаа хаягийг үндэсний бичгээр бичих, бичиж чадахгүй байгаа бол бичиж өгье” гэсэн саналыг дэвшүүлжээ.
Мөн хаяг, тэмдэглэгээний алдаа мадагтай байгууллагуудад албан бичиг хүргүүлж, засч залруулсан байна.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ