Аялал жуулчлалын практик сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-28 17:01:49
Архангай /МОНЦАМЭ/. “Архангай аймгийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудын ажлын байран дахь мэргэшүүлэх ур чадварын практик сургалт”-ыг аймгийн ЗДТГ, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, “Эртний нүүдэлчдийн өлгий” аймгийн аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуультай хамтран энэ сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь “Зочлох” үйлчилгээний ажил үйлчилгээний менежмент, ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, аймгийн аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, гадаад дотоодын аялагч, жуулчид, үйлчлүүлэгчдийн тав тух, эрүүл, аюулгүй байдлыг хангах, тэдний сэтгэл ханамжийг дээдлэх, байгууллагын бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор болсон юм. 

Сургалтанд Тариат, Ихтамир, Эрдэнэбулган, Өгийнуур сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 13 жуулчны бааз, 5 зочид буудал, дэн буудал, 19 эко гэрийн нийт 74 оролцогч хамрагджээ.

Эдгээр аялал жуулчлалын бизнес эрхэлдэг хүмүүст аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлийн онцлог, тавигдах шаардлага, ур чадвар, зочлох үйлчилгээний англи хэл, зоогийн газар, гэр болон өрөөний үйлчилгээний техник, ширээ засалтын арга зүй, зочин хүлээн авах технологи, үдэх үйлчилгээ, угаалга индүүдлэгийн техник, эрүүл мэндийн анхан шатны тусламж гэх зэрэг үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар практик сургалтыг хийснээрээ онцлог болсон байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ