БНТУ тунхагласны 92 жилийн ойн баярыг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-02 14:31:04

Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 92 жилийн ойн баярын хүлээн авалт тус ЭСЯ-ны өргөөнд өнгөрсөн сарын 29-нд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Баярын хүлээн авалтад 300-аад зочид төлөөлөгч оролцсон бөгөөд Ерөнхийлөгч асан П.Очирбат, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга А.Бакей, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Л.Болд, Ж.Батзандан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон,  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин болон дипломат корпус болон урлаг соёл, бизнесийн салбарын төлөөлөгчид ирж оролцов.

Элчин сайд Мурат Карагөз хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсад ийнхүү хоёр дахь жилдээ  улс тунхагласны ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ 2015 онд хоёр улсын харилцаанд гарсан хөгжил дэвшлүүдийг онцоллоо.

Монгол-Туркийн эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга, Монгол Улсын Батлан Хамгаалахын сайд Ц.Цолмон хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг онцлоод, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа эрчимтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа хэллээ. 

Тус өдөр ЭСЯ-нд БНТУ-ыг үүсгэн байгуулагч Мустафа Кемал Ататуркийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ болсон бөгөөд эл арга хэмжээнд Элчин сайдын яам, Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг ТИКА, Туркийн иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнз” авиа компани, “Nomadic Warrior-2015” хамтарсан хээрийн сургалтад оролцохоор БНТУ-аас ирсэн тусгай хүчний албаны төлөөлөгчид болон МУИС-ийн Түрэг хэл судлалын тэнхимийн оюутнууд оролцов.

 

Холбоотой мэдээ