Монгол, Беларусийн ҮЭХ хамтран ажиллах гэрээ байгууллаа

ДЭЛХИЙД | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-11-02 13:45:42

МИНСК. /BelTA/. Беларусийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны /БҮЭХ/ дарга Михаил Ордаг Монголд айлчлах үеэр хоёр улсын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа гэж БҮЭХ хэвлэлийн алба мэдээлэв.

Михаил Орда айлчлалынхаа үеэр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны МҮЭХ/-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай уулзаж, гишүүн байгууллага хоорондын харилцаа холбоо болон хоёр талын хамтын ажиллагааг хэлэлцэж, хөдөлмөрийн харилцааны нэгдсэн журмын талаар туршлага солилцсон байна.

БҮЭХ болон МҮЭХ-ны гишүүн байгууллагуудыг үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлэх нөхцөлөөр хангах зэрэг харилцаа холбоог дэмжих арга хэмжээ авах болон үйлдвэрчний эвлэлийн боловсрол, аялал жуулчлалыг хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

Газар тариалангийн аж үйлдвэрийн цогцолбор, төмөр замын ажилчид, тээвэр, харилцаа холбооны салбарын үйлдвэрчний эвлэлүүд хоорондын харилцааг өргөжүүлэхээр талууд тохиролцжээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоодын удирдах албан тушаалтнуудтай Михаил Орда мөн уулзсан байна.

Мөн тэрбээр ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд тавд ордог “Говь” компанийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцжээ.

МҮЭХ-ны Үйлдвэрчний эвлэлийн сургалтын төв болон Монголын Хөдөлмөр, нийгмийн харилцааны хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзах үеэр үйлдвэрчний эвлэлүүдийн боловсролын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зочлохдоо соёлын салбарын хамтын ажиллагааг талууд хэлэлцжээ.

БҮЭХ болон МҮЭХ-ны түншлэл олон жил үргэлжилж, хөгжсөөр ирсэн гэж хэвлэлийн алба мэдээлсэн байна. Хоёр орны үйлдвэрчний эвлэлийн холбоодын харилцаа холбооноос гадна, Минск хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болон Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, МҮЭХ-ны Хөдөлмөр, нийгмийн харилцааны хүрээлэн болон БҮЭХ-ны “MITSO” олон улсын их сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ.

МҮЭХ нь Монголын үндэсний үйлдвэрчний эвлэлийн төв бөгөөд анх 1927 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл нэртэйгээр байгуулагдсан байна. Монгол Улсын хамгийн том холбоо болох МҮЭХ нь  450 мянга орчим гишүүнтэй, 14 салбар холбоотой, аймаг болон нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн 22 холбоотой байгууллага юм. Мөн Ази-Номхон далайн бүс нутаг дахь нөлөө бүхий үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын нэг ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ