Байгууллагын захиргаа ажилтнууддаа санал өгөх боломжоор хангана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа орон даяар үргэлжилж байна.
Сонгуулийн нэгдсэн хуулинд заасны дагуу сонгуулийн санал авах өдөр буюу өнөөдөр бүх нийтээр амарна. Түүнчлэн санал авах өдөр аж ахуй нэгж, байгууллагуудын захиргаа ажиллагсаддаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэг хүлээж байна. Хэрэв ажилтнууддаа чөлөө олгоогүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх юм.
Сонгуулийн эрх бүхий иргэн ТА:
-Сонгуульд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.
-Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд сонгогч бүр оролцох эрхтэй.
-Сонгогч таныг хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжийг хангасан байна.
Үүний зэрэгцээ санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг хориглоод буй.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ