Д.Трамп Умард Солонгосын эсрэг авсан хоригуудыг сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-22 09:37:27
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын эсрэг авсан Америкийн багц хоригуудын үйлчлэх хугацааг нэг жилээр сунгах шийдвэр гаргалаа гэж лхагва гарагт Цагаан ордны хэвлэлийн алба мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн 2010 оны 8 дугаар сар, 2011 оны 4 дүгээр сар, 2015 оны 1 дүгээр сар, 2016 оны 3 дугаар сард тус тус баталсан зарлигийн дагуу Умард Солонгосын эсрэг авсан олон тооны хязгаарлалтын арга хэмжээг ийнхүү хүчинтэй хэвээр үлдээж байгаа ажээ.

Эдгээр хоригуудад Умард Солонгосын хэд хэдэн актив хөрөнгийг царцаах талаар тусгасан байна. Дээр дурдсан хоригуудын үйлчлэх хугацаа энэ оны 6 дугаар сарын 26-нд дуусгавар болж байгаа юм. “Умард Солонгост онцгой байдлын дэглэм үйлчилсэн хэвээр байна” гэж үзэн дээрх хоригуудыг дахин нэг жилээр сунгалаа гэж АНУ-ын Конгресст илгээсэн Америкийн засаг захиргааны тэргүүний мэдэгдэлд дурджээ.

Д.Трампын үзэж байгаагаар, Солонгосын хойгт цөмийн материалыг “түгээн тараах эрсдэл”, Пхеньяны “үйлдэл, бодлого” Америкийн Зэвсэгт хүчний эсрэг чиглэж байгаа зэрэг нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт туйлын их аюул занал учруулсан хэвээр байгаа” аж.

Д.Трамп тэргүүтэй АНУ-ын одоогийн засаг захиргаа өнгөрсөн хавар мэдэгдэхдээ, Умард Солонгосын асуудлаар “стратегийн хувьд тэвчээр заах” хугацаа дууссан гэж анхааруулж байсан билээ. Үүнтэй холбоотойгоор, Вашингтоны зүгээс Умард Солонгост үзүүлэх шахалтаа хүчтэй болгох зорилгоор олон улсын кампанит ажлыг идэвхжүүлж эхэлсэн юм.  АНУ-ын энэхүү хүч чармайлтад Хятад улс онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байсан юм. Гэсэн хэдий ч мягмар гарагт Д.Трамп “Twitter” хуудсандаа "Умард Солонгост нөлөөлөх гэсэн Хятад улсын дарга Ши Жиньпиний хүчин чармайлт үр дүнгээ өгсөнгүй” гэж бичжээ.

Лхагва гарагт АНУ болон БНХАУ анх удаа Гадаад хэргийн болон Батлан хамгаалах яамдын сайд нарын түвшинд хоёр талын хэлэлцээ хийсэн юм. Вашингтонд болсон хэлэлцээний гол сэдвүүдийн нэг нь Умард Солонгосын асуудал байлаа. Зөвлөгөөний дараа Пентагоны тэргүүн Жеймс Мэттис хэлэхдээ “Умард Солонгос өдөөн хатгалгаа зогсоохгүй байгаа төдийгүй дүрмээр тоглохгүй байгаа явдалд Америкийн ард түмний санаа зовниж байгааг Д.Трамп твиттер хуудсандаа илэрхийлсэн. Харин Хятадын үүрэг ролийн хувьд гэвэл тус улс энэ асуудлууд дээр үргэлжлүүлэн ажилласаар байгаа" хэмээн мэдэгджээ.
О.Барс 
 

 

Холбоотой мэдээ