Хятад-Монголын сэтгүүлчид Юань гүрний дээд нийслэлээр

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-06-20 17:48:34
ШАНД. /MOНЦАМЭ/. БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан тус орны “Талын дуу хоолой” радион захирал Баясгалангийн санаачилгаар энэ сарын 9-18-нд зохион байгуулсан “Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын хүрээнд Юань гүрний дээд нийслэл Шанд хотын туурийг үзэж сонирхлоо.

Их Юань улсын дээд нийслэлийн туурь

ЮНЕКСО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан Юань гүрний дээд нийслэл буюу Хубилай сэцэн хааны сэрүүн асрын туурь нь БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны төвөөс зүүн зүгт 28 км зайтай орших Шанд голын /Луань Хэ голын дээд урсгал/ хөвөөнд оршдог юм.


Хотын туурь нь тэгш дөрвөлжин хэлбэртэй бөгөөд тал бүр нь 2200 м2. Юань гүрний дээд нийслэл нь гадар хот, дотор хот болон цэцэрлэг хот гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.


Төв ордон буюу Их амгалан ордны туурь нь 8 м өндөр, зүүнээс баруун тийш 170 м урт, хойноос урагшаа 55 м өргөн аж. Их амгалан ордон нь тухайн үедээ 7 давхар байсны гурван давхар нь газар дор байдаг байжээ. 



Хубилай хааны хүрэл хөшөө
 
Шанд голын хөвөөнөө Хубилай сэцэн хааны цул хүрэл хөшөөг 80 тн хүрлээр 2007 онд босгожээ.

Энэ нүсэр  том хүрэл хөшөөний гол цөмд нь дүрслэгдсэн хүн бол Чингис хааны дөрөвдүгээр хүү болох Тулуйн хоёдугаар хүү Хубилай сэцэн хаан юм. Хубилай сэцэн хаан 80 насалсан учир хөшөөг 80 тн хүрлээр цутгажээ. 


Хубилай хаан дээд нийслэлээ  Шандын шар талд 1256 онд байгуулснаас хойш энэ хөшөөг урлаж дууссан 2007 оныг хүртэл нийт 751 жил өнгөрснийг билэгдэн хөшөөг 7.51 м өндөртэй хийжээ. Харин тэрбээр Юань гүрнийг 34 жил захирсны учир хөшөөг 34 метр урттай хийсэн гэнэ. Хөшөөг 6 метрийн зузаантай хийсэн нь бас л учиртай. Энэ нь Юань гүрнийг нийт 11 хаан захиран төвхнүүлснээс Хубилай хааныг оролцуулаад ердөө 6 хааныг л энэхүү хөшөөг байгуулсан Юань гүрний дээд нийслэл Шанд хотод хаанаар өргөмжилсэнтэй холбоотой.

Хөшөөний гол хэсэгт нь Хубилай хааны сүрлэг дүрийг товойлгосон бол зүүн гар талд нь нийслэл Шанд хотод хаанаар өргөмжлөгдсөн Хубилайгаас гаднах 5 хааны дүрийг урлажээ.   Энэ таван хаан нь баруун гар талаас Өлзийт хаан Төмөр, Хүлэг хаан Хайсан, Буянт хаан Аюурбарбад, Заяат хаан Төвтөмөр болон Юань гүрний сүүлчийн хаан Ухаант хаан Тогоонтөмөр нар болно.

Хубилай хаан  нь Юань гүрнийг байгуулахаасаа ч өмнө эрдэмтэн мэргэдийг ихэд эрхэмлэн хүндэтгэж, өөрийн шадар туслах бөгөөд зөвлөхөөр ажиллуулдаг байжээ. Тйимээс хөшөөний баруун хэсэгт түүний зөвлөхүүдийн босоо дүрийг товойлгосон байна. Үүнд: Юань гүрний засаг захиргааны зохион байгуулалтыг төлөвлөсөн Лию Бинг Жун; Юань гүрний одон орон судлалын төвийг үүсгэн байгуулагч Перс гаралтай эрдэмтэн, одон орон судлаач Жамал-ад-Дин; гурав  дахь нь мөн төрийн засаглалын зохион байгуулалтыг хариуцаж байсан улс төрийн зөвлөх Ёо Шү, дөрөв дэх нь инженер математикч, Шанд болон Бээжин хотын усан сангийн системийг зохион бүтээж, гардан байгуулсан алдарт Гүо Шү Жин, тав дахь нь дөрвөлжин үсгийг зохиосон, Юань гүрний Улсын багш Пагва лам бол зургаа дахь нь Дорныг Өрнөдөд аяллын тэмдэглэлээрээ танилцуулсан Италийн алдарт жуулчин Марко Поло юм. Марко Поло нь Юань гүрэнд нийт 17 жил амьдарсан билээ. Энэхүү хөшөөг нь ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны төвөөс зүүн зүгт 28 км зайтай орших Шанд хотын туурины өмнөхөн босгосон байна.

"Шандын шар тал"

Юань гүрний дээд нийслэл орших Шанд хотод 7, 8 дугаар сард алтанхуа буюу алтанлянхуа цэцэг битүү ургаж, шав шар өнгөтэй болдог учир тэр талыг “Шандын шар тал” гэх болжээ.



"Хубилай хаан" кино

Хубилай хааны амьдрал, Юань гүрний улс төр, эдийн засаг, соёл, дайн байлдаан болон гадаад харилцаа зэргийг харуулсан өргөн агуулга бүхий "Хубилай хаан" 50 ангит уран сайхны киноны зураг авалтын хотхоныг Шандын шар талд байгуулжээ. Дайду /Даду/ буюу өдгөөгийн Бээжин хотын ойролцоо мөн энэ кинонд зориулсан хотхоныг байгуулсан байна.

Өвөр Монголын ӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан уг киног Хятадын алдарт найруулагч Хуан Жяньжүн найруулж байгаа аж. Киноны зураг авалт энэ оны хоёрдугаар сард эхэлжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ