Ирэх хичээлийн жилд их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-06-15 17:33:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгч, санал солилцлоо.
Тэрбээр уулзалтын эхэнд “Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн талаар  санал солилцож, хамтдаа хэлэлцэх зорилготой та бүхнийг урилаа. БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүйгээр сургалтын хэвийн нөхцлийг хангах боломжийг урьдчилан судалсны  үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсгийг үндэслэн дараах зөвлөмж, чиглэлийг өгч байна. Бид  энэхүү зөвлөмж, чиглэлийг та бүхэнд албажуулж хүргүүлнэ. Би салбарын сайдаар томилогдоод удаагүй байгаа ч яаралтай тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх талд анхаарч, нөхцөл байдалтай танилцаж, үнэлэх ажлыг хийж байна. Салбарын сайдын шинэчлэлийн бодлогод дээд боловсролд үнийг чөлөөлөх,  их, дээд сургууль, коллеж чанартаа нийцсэн төлбөрийн хэмжээг бодитоор тогтоодог, зөвхөн сургалтын төлбөрийн орлогоос хараат бус санхүү, эдийн засгийн бүрэн бие даасан байдлыг бий болгох асуудлыг судалж, тусгах болно” гэв.



Түүнчлэн 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй. Тухайлбал, ХААИС, МУИС, АШУҮИС, МУБИС, СУИС зэрэг төрийн өмчит сургуулиудын сургалтын төлбөр сүүлийн хоёр жил нэмэгдээгүй болохыг энэ үеэр мэдээллээ. Түүнчлэн МУБИС зэрэг зарим сургууль сургалтын төлбөрөө нэмэхгүйгээр тэвчиж болох зардлаа хэмнэн, багш ажилчдынхаа цалинг нэмэхээр төлөвлөөд буйг ч дуулгав.

Уулзалтад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, газар, хэлтсийн дарга нар, төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн удирдлагууд байлцав.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
 
 
 
 
 
Холбоотой мэдээ