“Бүрдийн уянга” зусланд хөрш улсын хотоос амрагч урьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-14 16:50:16
Дундговь/МОНЦАМЭ/ Ирэх даваа гаригт “Бүрдийн уянга” хүүхдийн зуслан үүдээ нээхээр товлож байна. Энэ зун тус зуслан Дундговь аймагтай хамтын ажиллагааны харилцаатай ОХУ- ын Буриад улсын Улаан- Үд, БНХАУ- ын Эрээн хотоос амрагч хүүхдүүд хүлээн авахаар тухайн хотуудын боловсролын байгууллагад нь хүсэлт илгээжээ.
Хэрвээ хүсэлт хүлээн авсан тал амрагчид илгээхээр болвол 8 дугаар ээлжиндээ хүлээн авч, хөрш орны хүүхдүүдийг Монгол орны говь нутгийн байгаль, нүүдэлчин ахуй соёл, зан заншилтай танилцуулан амраах юм байна.  
Байгалийн үзэсгэлэнт Сүм Хөх Бүрдийг түшиглэн, нэг ээлжиндээ хоёр зуун хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар анх 1983 онд “Бүрдийн уянга” зусланг  Монголын Үйлдвэрчний эвлэлийн хөрөнгөөр барьж  ашиглалтад оруулж байсан түүхтэй. Аймагтаа ганцхан байдаг болохоор ч тэр, байгалийн үзэсгэлэнт газарт байршдагаар ч тэр үе үеийн олон зуун хүүхэд энэ зусланд амарч, хүүхэд насны сайхан дурсамжуудаа үлдээсэн байдаг.
2012 онд 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө гаргаж  зусланд их засвар хийсэн. Энэ нь байгуулагдсанаас хойших анхны томоохон засвар тохижилт болсон бөгөөд  өнгөрсөн жил мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 67 гаруй сая төгрөгөөр гадна шугам сүлжээг тавьж, хоёр бүлгийг ариун цэврийн өрөөтэй болгожээ. Энэ мэтээр сүүлийн жилүүдэд зуслангийн тохь тухыг бүрдүүлэхэд орон нутгаас багагүй анхаарч байгаа аж.
Өнөө зуны хувьд зуслан энэ сарын 19- нөөс 8 дугаар сарын 30 хүртэл 9 ээлжинд амрагчид хүлээн авна. Нэг ээлжинд 200 амрагч 6 хоногийн хугацаанд амрах бөгөөд 5 болон 9- р ээлжинд төрийн албан хаагчид, оюутан сурагчид, мөн гэр бүлээрээ амрагчдыг хүлээн авах юм байна. Амрагч хүүхдүүдийн насанд тохирсон  олон талт үйл ажиллагааг зуслангийн ээлж тус бүрт сэдэвчлэн төлөвлөжээ.
Энэ жил хүүхдүүд зусланд амрахдаа нэг ээлжинд 85 мянган төгрөг төлнө. Харин насанд хүрэгчид нэг хоногт 25 мянган төгрөг төлөх юм байна.
 
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ