13000 га талбай ой модонд хортонтой тэмцэх ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-14 15:49:03
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт ой модны хортонтой тэмцэх ажлыг Төвшрүүлэх суманд 1500, Батцэнгэлд 2000, Эрдэнэмандалд 4000 га, Хайрханд 4300, Цэцэрлэгт 1200 га талбайд энэ сарын гуравнаас эхэлж 11-ний өдөр дуусчээ. Энэхүү ажлыг Улаанбаатар хотын “Гранд форест” ХХК улсын төсвийн хөрөнгөөр ойн хортон шавжийн хээрийн судалгааны дүнд үндэслэж хөнөөлт шавжийн тархалттай 13000 га талбайд хийжээ.

Харин энэ сарын 17-ны өдрөөс эхэлж байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаар Өндөр-Улаан, Цэцэрлэг, Булган сумдын 6000 га талбайд ойн хортон шавжьтай тэмцэх ажлыг үүргийн шүршигчээр “Гранд форест” ХХК-иар гүйцэтгүүлэх юм байна.

Архангай аймаг нь Хангайн уулархаг мужийн төв хэсэгт 55,2 мянган хавтгай дөрвөлжин км, ойт хээр болон тал хээр хосолсон нутгийг хамардаг. Нийт нутаг дэвсгэрийн 15,7 хувийг ой мод эзэлдэг. Манай аймгийн ойд Сибирийн хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, Бургасны хүр эрвээхэй зонхилон тархсан байдаг ажээ.

Одоогийн байдлаар Монгол оронд 700 гаруй зүйлийн хөнөөлт шавж тэмдэглэгдсэнээс 7 баг, 56 овог, 168 төрөл, 300 гаруй зүйлийн шавж жил бүр их, бага ямар нэгэн хэмжээгээр ойд хөнөөл учруулж, шавжийн өсөлт хөгжилт хурдсан, хөнөөлийн голомт ихсэж, тархалтын цар хүрээ өргөжсөөр байгааг аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ