Л.Болд:Би өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээс татгалзаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-06-13 15:31:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ардчиллын III чуулган”-д оролцож байгаа УИХ-ын гишүүн Л.Болд хэвлэл мэдээллийн салбарыг бүхэлдээ “оффшор” ертөнц болсон хэмээн онцлоод, би өөрийн мэдлийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээс татгалзаж байна гэдгээ энэ үеэр хэллээ. 
 
Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” сэдвийн дор энэ удаагийн “Ардчиллын III чуулган” болж байна. ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Удирдлагын академи хамтран Монголд ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр тус хурлыг зохион байгуулдаг юм.

УИХ-ын гишүүн Л.Болд “Манай улсад олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдгийн шалтгаан бол бид хаагдмал нийгмээс гарч ирсэн хүмүүс байсанд оршино. Тэдний үзэл бодлоо илэрхийлэх хүслийг нь буруутгах гээгүй. Харин өнөөдөр үүнийг нэг талаас нь харахад бид эрх чөлөөтэй, мэргэжлийн сэтгүүлчдийн “армитай”, чөлөөт хэвлэлтэй улс мэт, нөгөө талаасаа чөлөөт хэвлэлгүй улс болжээ. Өнөөдөр чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг хэвлэл мэдээллүүд зарж амьдарч байгаа нь нууц биш. Хэвлэл мэдээлэл ийм л хар зах зээл болчихоод байна. Хэвлэлийн эрх чөлөөнөөсөө урвачихаад байна. Үүнийг өөрчлөхгүйгээр, суурь эрх чөлөөг өөрчилж чадахгүй. Бидэнд гэрэлт ирээдүй алга. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын ард дандаа нууц эзэд байдаг. Энэ салбар бүхэлдээ “оффшор ертөнц” болсон. Энэ байдлыг зогсоох ёстой. Үүнийг зогсоохын тулд би өөрөөсөө эхлэх гэж байна. Жишээ нь би улстөрд амьд байхын тулд бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Тэгэхээр би "Politic.mn сайт, Өглөөний сонин"-гоос татгалзлаа. Мөн хэд хэдэн радио, телевизийг худалдаж авах хэлэлцээр хийж байснаа бүгдийг нь зогсоож байна" гэв.

Чуулганд Конрад Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Шмюкинг, ХБНГУ-с Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стефан Дүппэл, Удирдлагын академийн захирал Саркытын Зүльфикар болон Хэвлэл мэдээллийн салбарын 200 гаруй төлөөлөгч оролцов.



Ардчилсан нийгэмд иргэдийн үзэл бодол төлөвших, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийгэмд олон ургальч үзэл төлөвших, улс төрийн болон захиргааны бүх төвшинд шийдвэр гаргахад оролцох, хяналт тавих, гаргасан шийдвэрийг олон нийтэд хүргэхэд чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг, үнэ цэнийн талаар оролцогчид хэлэлцэж байгаа юм. 

 Д.Өлзий 
Холбоотой мэдээ