Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг Цахар нутгаар ...

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-06-12 22:08:12
БАЯНЦАГААН. /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан тус орны “Талын дуу хоолой” радион захирал Баясгалангийн санаачилгаар зохион байгуулж буй “Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг зургадугаар сарын 11-ний өдөр Эрээн хот дахь сурвалжлагаа өндөрлүүлж, тус хотоос зүүн урд зүгт 200 гаруй км зайтай орших Улаанцав аймгийн зүүн хойд нутагт орших Цахар баруун гарын хойд хошууг зорилоо. Хамтарсан сурвалжлагын багт Өвөр Монголын талаас “Монгол Одон” телевиз, “Талын дуу хоолой” радио “Солонго” сэтгүүл болон Хятадын олон улсын радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 10 сэтгүүлч хамрагдаж байгаа бол Монголын талаас үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, Өнөөдөр сонин, Barilga.mn, Fact.mn, UBS телевиз, Өдрийн сонин, TV5 телевиз болон ФМ 107.5 радиогийн 12 сэтгүүлч хамрагдаж байгаа юм.




Зургадугаар сарын 11-ний өдөр хоёр орны сэтгүүлчид Цахар баруун гарын хойв хошуунд хүрэлцэн ирснийхээ дараа ордны хөгжим болох “Асар” аялгууг сонсож, Цахар соёлын музей болон Цахар баруун гарын хойд хошууны төмсний аж ахуйтай танилцлаа.

“Асар” аялгууг Юань гүрний үед зөвхөн хааны ордонд л тоглодог байжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол төрийн хүндэтгэл магтаалын дуу хөгжим байв. Тулгар төр задарснаар “Асар” аялгуу энэ хэлбэрээ алдаж, Монгол орны газар бүр харилцан адилгүй хэлбэрээр уламжлагдан үлджээ. Цахарчууд “Асар” аялгууны нэгэн төрөл болох “Адуучин асар”-ыг үе дамжуулан өвлөж, “найрын дууны тэргүүн аялгуу” хэмээн хүндэтгэн дээдэлсээр ирсэн байна. “Асар” аялгууг монголчуудын уламжлалт утсан хөгжим, ардын үлээвэр хөгжим, цохилуур хөгжим зэрэг хөгжмийн зэмсгүүдээр хавсран хөгжимддөг аж.



Өвөр Монголд өнгөрсөн зууны 60-аад оны тэртээгээс радио нэвтүүлгээр “Асар” аялгууг явуулж эхэлсэн ч өнөөдөр эл аялгууны талаар ойлголттой хүн тун цөөн байна. Тиймээс Өвөр Монголын Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошууны захиргаа болон холбогдох албаны хүмүүс “Асар” аялгууг сэргээн хөгжүүлэх олон арга хэмжээ авч байгаа аж. Тухайлбал, “Асар” аялгууны түүхэн хөгжил бөгөөд одоогийн хөгжлийг харьцуулсан ном бүтээл хэвлүүлж, “Асар” урлагийн бүлгэм байгуулж, энэ соёлын өвийг олонд сурталчлан таниулахын тулд урлаг соёлын янз бүрийн арга хэмжээний үеэр аялгууг тоглож байна.

Өвөр Монголын ӨЗО-ны Соёлын танхим ба Түүхийн дурсгалт зүйлсийн товчооны санаачилгаар үндэсний соёлын өвөө сэргээж, хадгалан хамгаалах хүчин чармайлтын хүрээнд Цахар соёлын музейг мөн байгуулжээ. Тус музейг Өвөр Монголын ӨЗО болон Улаанцав аймгийн шат шатны удирдлагуудын бүрэн дэмжлэгтэйгээр байгуулсан гэж музейн ажилтан ярилаа.


 

 
 


Цахар баруун гарын хойд хошуу нь Даланхар уулын хойд хормой, Улаанцав хотын зүүн хойд хэсэгт оршдог. Энэ бүс нутагт өдөртөө их халж, шөнө нь сэрүүхэн хонодог учир төмс тариалахад тун тохиромжтой аж. Тус хошуу нь 220 мянган хүн амтай бөгөөд нийт хүн амын 70 хувь нь газар тариалангийн аж ахуй эрхэлж байна.



Тус хошуу нь Өвөр Монголын төмс үйлдвэрлэлийн гол хошуу юм. Хошууны төмсний тариалангийн талбайн хэмжээ  23 мянга гаруй га-д хүрчээ.



“Цахар” улаан төмс нь энэ нутгийн нэрийн бүтээгдэхүүн аж. Энэ төмс нь цардуул ихтэй, болц хурдан гэдгээрээ онцлогтой. Улаан төмсөөр гурил, пүнтүүз зэргийг хийж байна. Улаан төмс 1 кг нь монгол мөнгөөр 1000 орчим төгрөгийн үнэтэй бол үрийн төмс нь 3000 орчим төгрөг аж. Сүүлийн жилүүдэд Монгол, Орос, Өмнөд Солонгос, Япон, Малайз зэрэг улс руу улаан төмс экспортолдог болжээ. 
 
 Г.Доржханд

/Өвөр Монголын ӨЗО-ны Улаанцав аймгийн
Цахар баруун гарын хойд хошуунаас мэдээлэв/

Гэрэл зургийг: Болор 
/Хятадын олон улсын радион гэрэл зурагчин/ 


 
Холбоотой мэдээ