Нүүдэлчдийн соёлын наадмаар шилмэл үүлдрийн эцэг малын үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-12 19:30:03
Завхан /МОНЦАМЭ/. Нүүдэлчдийн соёлын наадмын хөтөлбөр эцэслэн гарч батлагдлаа.
Ирэх долдугаар сарын 22-25-ны өдрүүдэд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Улаагчны Хар нуурын эрэгт болох “Нүүдэлчдийн соёлын наадам”-ын хөтөлбөр батлагдаж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтэд цацагдаад эхэллээ. Наадам долдугаар сарын 22-ны өдөр Завхан аймгаас төрөн гарсан дөрвөн тод манлай уяачын мялаалга наадмаар эхэлнэ.
Энэ үеэр Очирвааний шигшмэл хурдан морьдын уралдаан Хар нуурын зүүн хэсэг Тээлийн өвөрт болно. Морьдын уралдаанд  даага, шүдлэн, хязаалан, эрлийз бага нас, эрлийз дунд насны морьд уралдана. Дараа өдөр нь нүүдэлчдийн соёлын наадмын уламжлалт зан заншлыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ тусгай хөтөлбөрийн дагуу явагдана. Энэ үеэр нүүдэлчдийн зан заншил, ахуй соёл, мал маллах арга ухаантай эрийн гурван наадмын дэг жаяг ёс заншил, ерөөл, магтаал, ардын урлагийн үзүүлбэр, монгол уламжлалт тоглоом наадгайн тэмцээн, үзүүлбэр, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа явагдана. Харин 24-ний өдөр таван хошуу малын өв соёлтой танилцах, таван хошуу малын отгуудын үзүүлбэрүүдтэй танилцана. Энэ үеэр сарлаг унах, ачих, сайхан сарлаг, хайнаг шалгаруулж гэрийн дээс хошлон томж сурах, монгол гэр барих үзүүлбэр, хонь ямаа холбож саах, эсгий хийх, эсгийний найр болох, Завхан буурал сартуулын эцэг малын үзэсглэн худалдаа гэхчлэн олон сонирхолтой үзүүлбэр явагдана.
Үүний дараа хаалтын үйл ажиллагаа болж монгол зан заншил, дуу хуурын нэгдсэн урлагийн тоглолтыг үзүүлэх ажээ. Наадмын сүүлийн өдөр бөхийн барилдаан, хурдан морь уралдахаар хөтөлбөрт тусгагджээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ