Алс харьд суугаа ахан дүүстээ илгээсэн захидал

[1507871068] Ерөнхийлөгч - 2017
mn_tuul@montsame.mn
2017-06-09 10:58:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэддээ хандаж нээлттэй захидал илгээжээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эх орон нэгт элгэн садан ахан дүүс та нартаа Сайнхүүгийн Ганбаатар би хандаж энэхүү захиаг бичиж байна. Та нар минь тавтай сайхан зусч байна уу?

Элэг зүрхнээс уяатай, эцэг эхээс заяатай төрөлх Монгол эх оронд чинь дулаахан сайхан зун болж байнаа. Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийг ард нийтээрээ сонгох сонгуулийн кампанит ажил эхлээд улстөрийн амьдрал бүр ч халуухан байна.

Идэр залуу насандаа би эрх чөлөөг хайж, өнчирч үлдсэн хэдэн муу дүү нараа өөд татан хооллож хувцаслаж, боловсрол мэдлэг олгохоор зориг шулуудан хилийн дээс алхаж харь нутагт хар бор ажил хийн амь зууж, аж төрж явснаа хэзээ ч мартдаггүй юм. Аяга таваг угаахаас эхлээд аль тааралдсан ажлыг голж шилэлгүй хийдэг байсаан. Өөр яах юм, хүний нутагт, олдож байгаа нь тэр юм чинь. Ээж минь надад бурхан болохынхоо өмнөхөн “дүү нараа сургуульд сургаж, эрдэм боловсролтой хүн болгоорой” гэж хэлж захиж үлдээсэн болохоор би тэрхүү гэрээслэлийг нь гүйцэлдүүлэх гэж өөрийгөө мартан байж шүд зуун зүтгэсэн билээ. Эх орноосоо алс холын харь нутагт монгол хүн яаж аж төрж амь зуудгийг, хэдэн ногоон олох гэж хэрхэн тэмүүлж зүтгэдгийг, олсон хэдээ өөрөөсөө хүртэл харамлаж өсгөж үржүүлж байгаад эх орон руугаа элгэн саднууддаа илгээдгийг би дэндүү сайн мэдэх юмаа. Эх оронд минь ажил олдохгүй, амьдрал дэвжихгүй болоод л бид харьд гарч явдгаас бус тэнэж тэнүүчлэх гэж хэн маань ч тийшээгээ зүглэдэггүй шүү дээ. Та нарынхаа зовлон, жаргалыг би бусдаас дуулж сонсож биш махан биеэрээ туулж гатчиж өнгөрүүлсэн болохоор зүрх сэтгэлээрээ хэтэрхий ойр мэдэрч чаддагаа.

Ажиллах, суралцахыг хослуулах гэж би зүтгэдэг байлаа. Өөрөө сургуулиа дүүргэж чадаагүй ч өнчин хэдэн дүү нараа хөл дээр нь босгож чадсаан. Зургаан дүүгийн маань тав нь Англи, Австралид суралцаж мэдлэг боловсрол олж авсан юм. Би ээжийнхээ захиасыг ингэж биелүүлсээн. Амьдад нь ачийг хариулж чадаагүй ч алтан гэрээслэлийг нь хэрэгжүүллээ дээ гэж сэтгэлдээ бодож явдаг.
 
Алс холын харь нутагт аж төрж явахдаа би ардчилал гэж юу байдгийг, амьдрах ухаан юунд сургадгийг олж мэдэрсээн. Олзгүй хоосон байгаагүй, он жилүүд огт хэрэггүй өнгөрөөгүй ээ. Энэ хүмүүсээс бид дутуу амьдрах ёсгүй. Эх орондоо шинэ амьдралыг цэцэглүүлэх ёстой юм байна. Монгол Улсаа улам хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг бүр ч илүүтэй гүнзгийгээр ойлгож ухаарсан билээ.
 
Хөдөө тал минь малаар дүүрэн, хөвчин ой нь ангаар бүрэн, хөрсөн дор нь эрдэнээр арвин, хүний хэрэгцээ цөм багтсан яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ, ямар их хувь заяагаар бид нар эзэн нь болж төрөө вэ гэж бид чинь дуулдаг биш билүү. Тийм баян эх орондоо монголчууд яагаад баян тансаг аж төрж чаддаггүй билээ. Ажилгүйдэл, ядуурлыг яагаад арилгаж чаддаггүй билээ гэж надад бодогдох болсон юм. Энэ бодол, сэтгэл зовинол минь намайг тэмцэлд босгож, тэмцлийн замд оруулсан.
 
Оюутолгойгоо харамлах эх оронч сэтгэл, Тавантолгойгоо тавиад туучихаж болохгүй гэсэн иргэний чин итгэл намайг улстөрийн тэмцлийн замд хөтөлсөн юм. Тэгэхдээ би уул уурхайг зогсооё гэдэггүй ээ. Зөв зохистой, шударга ашиглах ёстой л гэдэг. Эх орныхоо баялагт эзэн сууцгаая. Алт эрдэнэсээ ашигтайгаар олборлож ашиглацгаая. Монголын ард түмний сайн сайхны төлөө л зориулъя гэж уриалдаг, бас тэмцдэг хүн.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын явцад парламентад суудалтай улстөрийн гурван намаас нэр дэвшигчдийн энэ асуудлаарх байр суурь, зааг ялгаа улам илүүтэйгээр ялгаран товойж байна. Үүнийг та нар минь надаар хэлүүлэлтгүй ажиглаж, анзаарч байгаа.
 
Надад үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө буюу есөн хүсэл, есөн зорилт бий. Ажилгүйдлийг арилгаж, ядуурлыг бууруулна. Үүнийг хариуцлагатай төр засгийг буй болгохгүйгээр, өөрөөр хэлбэл шударга Ерөнхийлөгчийг сонгож гаргаж ирэхгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй юм.
 
Надад хэрэв монголын ард түмэн итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонговол олигархиуд болоод оффшорчдыг хазаарлаж, шударга ёсыг Монголд тогтоох болно. Үүнийг олигархиудын төлөөлөл болсон хүн хэрэгжүүлж чадахгүй. Оффшорчдыг хамгаалагчид бүр ч хүсэхгүй, хэзээ ч хийхгүй.
 
Би монгол хүнийг Монгол Улсын баялагт эзэн суулгана. Монгол хүний үнэлэмжийг даян дэлхийд дахин цуурайтуулахын төлөө хичээнгүйлэн зүтгэнэ. Монгол хүний эрүүл саруул ухаан, билэг авъяас, ажилч хөдөлмөрч зан чанар, аз хийморьт би огтхон ч эргэлздэггүй. Гадаадад гарч ажилласан монгол хүн бүр үүнийг илүүтэй мэдэрч ухаардаг юм билээ. Монголчууд бол босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн.
 
Эх орондоо эзэн суусан хүнд эрхэмлэх нандин зүйлс гэж байх учиртай. Энэ бол ам ажлын болоод үг ба үйлдлийн нэгдэл юм. Хэлсэн бол хийх ёстой. Хуурдаг байж таарахгүй. Худал хэлж бүр ч болохгүй. За гэвэл ёогүй байцгаая гэж би уриалдаг. Уриалаад зогсохгүй шууд гардан хэрэгжүүлэх гэж зүтгэдэг.
 
Монголын нийгэм дэх чинээлэг дундаж давхаргын тоо хэмжээг нэмэгдүүлж, үндэстэн ястны хөгжин цэцэглэх бат суурийг хойш тавилгүйгээр яаралтай буй болгох хэрэгтэй байгаа юм. Энэ бол хөгжлийн оновчтой гарц мөн. Өнөөдөр Монголд улс нийгмийг нуруун дээрээ үүрэн чирч явдаг дундаж давхарга алга. Харин язартлаа баяжсан цөөн тооны олигархиудын тоо хэмжээ, хулгай дээрмээ ард түмнээсээ хав дарж нуудаг оффшорчдын эгнээ өргөжиж тэлэх байдалтай байна.
 
Манайд дундаж давхарга зайлшгүй хэрэгтэй. Үүний тулд би “Мянганы их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлэх болно. Энэ бол монголчуудын минь аз жаргалын их аяны эхлэл юм. Миний чин хүсэл, чин зорилт энэ. Та нар минь эх орондоо буцан ирж, бусдаас дутуугүй аз жаргалтай аж төрж, ажиллаж хөдөлмөрлөх үндэс бүрдэнэ. Гадаадад сурч, ажиллаж яваа монголчуудынхаа эрх ашгийг тууштай хамгаалах монгол төрийн бодлогыг би өнөөгийнх шиг бүдэг бүрхэг биш, тов тодорхой болгоно.
 
Хорь гучаадхан гэр бүлийн хоёр гурван зуухан олигархиудын эрх ашгийг үхэн хатан хамгаалж, оффшорчдыг өөгшүүлэн бөөцийлөгчидтэй, харийнхны өмнө бөхөлзөн ая тал засч эх орон, газар шороогоо наймаалагчидтай би хэзээ ч эвлэрэхгүй. Тэдэнтэй тэмцэнэ. МАНАН-г арилгаж Монголд наран мандахыг харах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. Аминаас үнэтэй Монголын тусгаар тогтнолдоо би хайртай.
 
Энэ эрхэм ариун үйлсэд “юм үзэж, нүд тайлсан” та нарын минь, гадаадад суугаа нийт монголчуудын маань үүрэг, хариуцлага онцгой шүү. Сонголтоо зөв хийгээрэй гэж би уриалж байна. Та нартайгаа би зүрх, сэтгэлээрээ хамт байгаа.
 
Ширхэг ганцхан чулуу нь ч сэтгэлийн угт уяатай
Сэрүүн Алтай нутагтаа би хүлэг морин шиг аргамжаатай.
Аргамжааны тэрхэн чулууг тойрон идэшлэх хүлэг шиг
Аяа эх орон чамдаа тоосны үзүүрээс эргээстэй
 
гэсэн найрагчийн дөрвөн мөр намайг та нартаа хандан захидал бичиж байх энэ мөчид сэтгэлд минь өөрийн эрхгүй эргэлдэж байна. Тийм л байдаг даа, гадаадад аж төрж байхад...
 
Үлээж байгаа салхи нь үнсээд байгаа ч юм шиг, өршөөлт ээжийн минь гар илээд байгаа ч юм шиг сайхан монгол Эх оронд чинь зун цаг айлчлан ирээд хаа сайгүй таван хошуу мал сүрэг сувд эрдэнэ адил сул асгаран налайж алагтраад сайхан зун болж байнаа Монголд, эх орон, элэг зүрх нэгт монголчууд минь!
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар монгол газар шороон дээрээ эргэж баяртайгаар учран золгохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Амралтаа аваад алжаал ядаргаагаа тайлахаар эх орондоо хүрээд ирээрэй, монголчууд аа.
 
МАХН-ААС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ САЙНХҮҮГИЙН ГАНБААТАР
 
Улаанбаатар, 2017.6.8
Холбоотой мэдээ