АНУ, БНХАУ яриа хэлцээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-30 12:12:18

ВАШИНГТОН. /NHK/. Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай усанд эргүүл хийж байгаа АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцтой холбоотой хурцадмал байдал газар авахаас урьдчилан сэргийлэх үүднээс АНУ болон БНХАУ хоорондын яриа хэлцээг үргэлжлүүлэхээр хоёр орны тэнгисийн цэргийн командлагчид тохиролцсон байна.

АНУ-ын тэнгисийн цэргийн үйл ажиллагааны командлагч, адмирал Жон Ричардсон болон БНХАУ-ын тэнгисийн цэргийн командлагч, адмирал У Шөнли нар өчигдөр теле бага хурал хийж, цаг гаруй хэлэлцжээ.

Хоёр орны армийн албаны хүмүүс хоорондын харилцан айлчлал, яриа хэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай байгааг Ричардсон болон У дахин нотоллоо. Энэ жилд багтаан дахин теле бага хурал хийхээр тэд тохиролцсон байна.

Хэлэлцээний тухай нарийн мэдээлэл хараахан гараагүй байгаа боловч АНУ сүүлийн үеийн арга хэмжээнийхээ талаар тайлбар хийсэн байх гэх таамаг гарчээ. АНУ-ын хөлөг онгоцтой холбоотой асуудлыг тус улсын өдөөн хатгалга гэж үзэж байгаа “албан ёсны байр суурь”-аа БНХАУ илэрхийлсэн байх гэж үзэж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ