Ким Жөн Ун цэргийн нисэгчдийн ур чадварыг шалгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-05 09:19:19
ПХЕНЬЯН./TASS/.БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жөн Ун Агаарын цэргийн хүчин, Агаарын довтолгооноос хамгаалах хүчний анги нэгтгэлүүдийн захирагч нарын дунд “Нислэгийн ур чадварын уралдаант шалгаруулалт– 2017” гэсэн нэртэй тэмцээнийг удирдан явуулжээ.

Солонгосын Төв цахилгааны агентлагийн /KCNA/ мэдээлснээр, нисэх онгоцны буудал дээр Солонгосын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргыг тус улсын Агаарын цэргийн хүчний командлагч Ким Кван Хёк угтан авч мэндчиллээ. Тэрбээр хэлэхдээ "энэхүү тэмцээн нь “Дайраад” уриан дор дайсны  ямар ч байг, тэр дундаа нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг устгах чадвартай цэргийн нисэгчдийг илүү эрчимтэй бэлтгэхэд тус дөхөм болно" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Уралдаант шалгаруулалтад дайрагч, сөнөөгч, бөмбөгдөгч болон тээврийн нисэх онгоцууд оролцсон байна.

Нислэг дууссаны дараа тус улсын Зэвсэгт хүчний командлагч, маршал Ким Жөн Ун тэмцээнд оролцогчдод хандан, мэргэжлийн ур чадвараа илтгэн харуулсныг сайшаагаад, залуу нисэгчидтэй хамт зургаа даруулжээ. Тэрбээр тус улсын агаарын цэргийн хүчин, агаарын довтолгооноос хамгаалах хүчний анги нэгтгэлүүдийн өмнө шинэ зорилтыг тавьсан байна.

Тэмцээнийг яг хаана явуулсан талаар мэдээлэл байхгүй байгаа ба КСNA агентлагийн мэдээлснээр, уг тэмцээнийг Почхонбогийн дэргэд Солонгосын партизанууд амжилттай тулалдсаны 80 жилийн ойд зориулан зохион байгуулжээ.

Түүх сөхвөл, 1937 оны 6 дугаар сарын 4-ны өглөө Манжуурт байрлаж байсан Солонгосын партизанууд Ким Ир Сений удирдлагын дор Японд эзлэгдсэн Солонгосын нутаг дэвсгэрт орших Почхонбо хот руу гэнэт довтлон тус хотын Японы цагдаагийн шалган нэвтрүүлэх цэг болон хэд хэдэн байгууллагыг устгажээ. Японы эсрэг ажиллагаа амжилттай болсон нь ихээхэн дуулиан тарьсан юм. Энэ мэдээ Солонгосын хойг даяар тархсанаар Ким Ир Сений нэр хүнд ихээхэн өсчээ. Японы цагдаагийн газар Ким Ир Сенийг "онц аюултай коммунист гэмт хэрэгтэн”-ий тоонд оруулсан байна.

Почхонбогийн дэргэдэх тулалдаантай холбоотой газруудыг хувьсгалт тэмцлийн эхлэл  болсон газруудын нэг гэж үздэг. 
О.Барс 

 

 

 

 

 

 


Холбоотой мэдээ