Мэргэн харваачдын өлгий нутагт хүүхдийн сурын анхдугаар наадам болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-03 23:06:33
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сурын спортын өлгий нутаг гэгддэг Сэлэнгэ аймгийн Шаамар суманд хүүхдийн сурын наадмыг анх удаа зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан уг наадам Шаамар сумын Дулаанхаан тосгоны Рашаантын ам хэмээх газар болсон юм. Наадамд Сэлэнгэ аймгийн 11 сум, 3 тосгоны 90 орчим харваач хүүхдүүд 8-17 насны ангилалд цэц мэргээ сорилоо.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Үндэсний спорт болсон сурын харвааг аймаг орон нутагтаа түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхийг үйл ажиллагааныхаа нэгэн зорилго болгоод байгаа бөгөөд ийнхүү анхдугаар наадмыг ивээлдээ аван ирээдүйн харваачдаа баярлуулсан юм. Дулаанхаан тосгоны хувьд Монгол Улсдаа ганцхан байдаг, гар аргаар нум сум үйлдвэрлэдэг “Хөвчит нум” үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа явуулдаг, Сэлэнгэ аймгийн алдарт мэргэдийн өлгий нутаг гэдгээрээ онцлогтой нутаг. Энд Монгол Улсын мэргэн Ж.Сүхбаатар гуайн үүсгэн байгуулсан тус үйлдвэр өнөөдөр ч нум сумаа үйлдвэрлэсээр байгаа билээ.
                           Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ