АНУ-ын эх газрыг газрын хөрснөөс арчин хаяна гэж Пхеньян анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-06-03 17:33:27
ПХЕНЬЯН. /NHK/. Хэрвээ манай улс АНУ-д цөмийн цохилт өгвөл тус улсын эх газар хоромхон зуурын хугацаанд газрын хөрснөөс арчигдах болно гэж Умард Солонгос анхаарууллаа.

Умард Солонгосын Баллистик пуужингийн туршилт хийх ажил хариуцсан стратегийн хүчин өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ ингэж анхааруулсан байна.

АНУ баллистик пуужинг замаас нь амдан сөнөөх системийг амжилттай туршсанаа саяхан зарласныг Умард Солонгосын албаны хүмүүс дурдаад “энэ бол ноцтой өдөөн хатгалга” гэжээ.

Уг мэдэгдэлд “хэрвээ манай улс цөмийн цохилт өгвөл АНУ-ын эх газар, Гуам, Хавай болон Аляск агшин зуурын хугацаанд газрын хөрснөөс арчигдах болно. Баллистик пуужинг амдан сөнөөх системээр цөмийн цохилтыг сөрөн зогсож, улс орноо хамгаалж чадна гэж АНУ эндүүрч байна” гэжээ.

Умард Солонгосын аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн дотор Баллистик пуужингийн туршилт хийх ажил хариуцсан стратегийн хүчний эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өчигдөр баталсан юм.

Энэ тогтоолыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Умард Солонгос дахин баллистик пуужин хөөргөн туршиж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ