Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Ингэхдээ санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгах бус тусад нь явуулахаар болов.
Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаарх ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр хамтатган явуулахаар зохицуулсан байсан юм. Ингэснээр улсын төсвөөс гарах 10 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэж Засгийн газар үзсэн. Гэвч хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн олонх санал асуулгыг цаг тулсан үед Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах нь буруу гэсэн байр суурь илэрхийлж, улмаар хойшлуулах асуудлаар төсөлд зарчмын зөрүүтэй санал тусгагдсан юм.
Өнөөдөр мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 87.8 хувь нь ард нийтийн санал асуулгыг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн санал асуулга явуулахаас өмнө ард нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх нь зөв гэж үзэн, хэлэлцүүлгийг энэ оны долдугаар сарын 5-наас есдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд өрнүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Ингээд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул анхны хэлэлцүүлгээр нь хуулийн төслийг баталлаа.
Мөн үүнээс өмнө чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн УИХ-ын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулсан төслийг 2017 оны 06 дугаар сарын 05-аас 08 дугаар сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж ард нийтэд толилуулахаар тусгажээ.
Ингээд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай" УИХ-ын тогтоолын төслийг 87.8 хувийн саналаар баталлаа.