Иргэдийн санал гомдлын мөрөөр БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-02 09:31:51

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ЗДТГ-ын иргэдээ сонсох тусгай дугаарт эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээтэй холбоотой санал гомдол их ирсэн ажээ. Тухайлбал хүндрэл чирэгдэлтэй, дараалал замбараагүй, үзлэгээ цагтаа эхэлдэггүй, эмч мэргэжилтнүүд ёс зүйгүй гэсэн санал гомдлын мөрөөр аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтнүүд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд "Иргэдээ сонсох аян"-ыг зохион байгуулсан юм.
Энэхүү аяны үеэр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар иргэдийн санал гомдлын мөрөөр БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцан үүрэг чиглэл өглөө. Тэрээр төрийн үйлчилгээ ил тод нээлттэй, хүнд сурталгүй байх ёстой. Сүүлийн үед аймгийн удирдлагуудад эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой олон санал гомдол ирсний мөрөөр бодит байдалтай биечлэн танилцаж байна гэлээ. Техник хэрэгсэл шинэчлэх, шаардлагатай боловсон хүчнээр хангах нэн тэргүүний бэрхшээл байдаг, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахыг Засаг дарга Н.Наранбаатар үүрэг болгосон юм. Тэрбээр бусад аймгийг бодвол харьцангуй цөөхөн хүн амтай уул уурхайг дагаад төсөв санхүү боломжийн байдгийн хувьд асуудлыг шуурхай шийдэх боломж бий гол нь тэр аргыг олж ажил үйлчилгээндээ нэвтрүүлэх хэрэгтэйг онцоллоо. Ядаж л интернэт ороод эмнэлгийнхээ дугаар, дарааллыг мэдэх боломжийг бий болгох, захиалга өгдөг байх, эмнэлгээр орж ирэхэд мэдээллээр сайн хангах, дутагдалтай эмч мэргэжилтнүүдийг орон нутгаас дэмжиж сургах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар хүний нөөцөө чадварлаг багаар бүрдүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна гэдгийг БОЭТ-ийн уидрдлагуудад хэллээ. Мөн эмч ажилчдын ёс зүй, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хамтарч ажиллах хэрэгтэйг байгааг ч энэ үеэрээ хэлсэн юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ