Бразил улс хямралаас гарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-06-01 22:17:06
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /АР/. Бразилын эдийн засаг 2017 оны эхний гурван сарын хугацаанд 1 хувиар өссөн үзүүлэлттэй гарснаар тус улсын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд үргэлжилсэн хямрал төгсгөл боллоо гэж албаны хүмүүс өнөөдөр мэдэгдлээ.

Хоёр жил дараалан бараг 8 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй гарсны эцэст Бразилын ДНБ өссөн нь энэ юм.

Тус улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн нэг болох шар буурцгийг арвин ихээр хурааж авсан нь эдийн засаг өсөхөд голлон нөлөөлжээ.

Гэхдээ Бразил улс ойрын хугацаанд дахин хямралд орж болзошгүй гэж шинжээчид анхаарууллаа.

Энэ долоо хоногийн эхээр гаргасан статистик мэдээнд дурдсанаар, тус улсад ажилгүй 14 сая хүн байна.

Тус улсын Ерөнхийлөгч Мишель Темерийн ирээдүйн талаарх тодорхойгүй байдал ч зах зээлд сөргөөр нөлөөлж байна.

 
М.Темер шоронд хоригдож байгаа нэгэн улстөрчийн амыг хамхихын тулд мөнгө өгөх тухай ярьж байгаа дуу бичлэг нийтэд ил болсны дараа буюу өнгөрсөн сард хөрөнгийн биржүүдэд хувьцааны ханш эрс унасан ажээ. Тэрбээр “би ийм юм яриагүй. Энэ бол хуурамч бичлэг” гэж мэдэгдсэн хэдий ч бразилчууд түүнийг огцруулахыг шаардсаар байна.

Гэхдээ ДНБ өсөлттэй гарсан гэх өнөөдрийн мэдээ нь түүнд ерөнхийлөгчийн суудалд үлдэж, эдийн засгийн шинэчлэл хийх боломж олгож магадгүй юм.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ