Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцээрт үнэнч байхыг Д.Трампт уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-31 10:08:49
ВАШИНГТОН./НҮБ/.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш  Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээс гарахгүй байхыг Д.Трампын засгийн газарт уриалаад "энэ гэрээ нь АНУ-ын эдийн засаг болон аюулгүй байдалд урт хугацаанд үр өгөөжөө өгнө" гэж мэдэгдлээ. 

Нью-Йоркийн их сургуульд зочилж, оюутнууд, иргэний нийгмийн болон бизнесийн төлөөлөгчдөд хандан үг хэлэхдээ тэрбээр ингэж мэдэгдсэн байна.
 
2015 оны Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх эсэх талаар удахгүй шийдвэрээ гаргана гэж АНУ-ын засгийн газар мэдэгдсэн билээ.

Агаарын температурыг 2-оос дээш хэмээр өсгөхгүй байхыг зорилгоо болгосон уг гэрээнд нэгдсэн хэвээр байх нь АНУ-ын ашиг сонирхолд нийцнэ гэдгийг АНУ-ын засгийн газар болон Конгресст ойлгуулан итгүүлэхийг А.Гутерриш оролдож байгаа юм.
 
Дэлхийн бараг бүх орон Парисын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд ихэнх нь соёрхон батлаад байгаа билээ. Уг гэрээ нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулснаар дэлхийн дулаарлын нөлөөг багасгахад чиглэсэн юм.  
 
А.Гутерриш хэлэхдээ “Тогтвортой байдлын галт тэрэг аль хэдийн замдаа гарсан. Галт тэргэнд суух эсвэл суухгүй үлдэх гэсэн хоёрхон зам бий. Ногоон эдийн засагт нэгдэж чадаагүй нь ирээдүйд саарал ертөнцөд амьдарна гэсэн үг” гэжээ. Тэрбээр эрчим хүчний бусад эх үүсвэрийг нэвтрүүлж байгаа Хятад улсын шийдвэрийг сайшаагаад "тус улс эдийн засгаа ногоон болгохын тулд маш том алхмыг хийсэн" гэж дүгнэсэн байна.

Х.Сарнай


 
 
 
 
Холбоотой мэдээ