Гондураст хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-05-31 10:02:15
ТЕГУСИГАЛЬПА. /АР/. Гондурасын нийслэл Тегусигальпа хотод хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэн рүү орох гэж шахцалдах үеэр дөрвөн хүн дарагдан амиа алдаж, 25 хүн, тэдний дотор хүүхдүүд гэмтэж бэртжээ.

Энэ хэрэг өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Гондурасын хөлбөмбөгийн АШТ-ий шувтаргын тоглолт болохын өмнөхөн болсон байна. Тасалбар худалдаж авсан хэдэн зуун хүн цэнгэлдэх хүрээлэнгийн гадна байх үед цэнгэлдэх хүрээлэн хэдийн дүүрчихсэн, хөгжөөн дэмжигчдийг дотогш нь оруулахгүй байсан аж. Үүнд уурлаж бухимдсан хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга руу дайрсны улмаас шахцалдаан үүссэн байна.

Суудлын тооноос илүү олон тасалбар борлуулснаас үүдэн ийм эмгэнэлт хэрэг гарсан байж магадгүй гэж цагдаа нар хэллээ.

Цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 600 цагдаа хамгаалалтад гарсан бөгөөд тэд цэнгэлдэх хүрээлэн рүү орж чадаагүй хөгжөөн дэмжигчдийг нулимс асгаруулагч хий цацаж, усан буугаар шүршиж тараажээ.

Хөлбөмбөг бол Гондураст хамгийн түгээмэл спорт бөгөөд тус улсын шигшээ баг ДАШТ-ий финалд гурван ч удаа үлдэж байсан юм.
 
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ