Ирэх улиралд замын хөдөлгөөний дүрмийн хичээл заана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 11:59:50

Хоёрдугаар улирлаас эхэлж ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг “Мини дром” сургалтын хэрэглэгдэхүүн дээр заана.

Өнгөрсөн сард ашиглалтад орсон уг дромыг “Тамаск” ХХК орон нутгийн 62 сая төгрөгөөр барьсан юм. Сургууль бүр замын хөдөлгөөний дүрмийн хичээлийн нэг улирлын турш заана.

Бага ангийн сурагчдад заах хичээл нь өөр байна. Тэдний нас сэтгэхүйн онцлогт нь тохируулж сургалтын хөтөлбөрөө баталсан гэж Боловсрол, Соёлын газрын дарга О.Ариунгэрэлт ярилаа. Тухайлбал, нэгдүгээр ангид явган хүний зам, гарцыг ялгаж сургах бол хоёрдугаар ангид гарцаар аюулгүй зорчих, иргэн хүний үүрэг, гуравдугаар ангид зохицуулдаг болон зохицуулдаггүй гэрлэн дохио, гарцыг ялгах, тоглоходоо тээврийн хэрэгсэлд саад учруулахгүй байхыг заана. Харин дөрөвдүгээр ангид уулзварыг ангилах, жолоочийн өгч буй дохиог мэдэх, унадаг дугуй унах бол ямар дүрэм мөрдөхийг заах ажээ. Тавдугаар ангид зам тээврийн осол юунаас болж гардаг, явганаар болон тээврийн хэрэгслээр  зорчихдоо анхаарах зүйлсийн талаарх мэдлэг олгох гэнэ.

Дашрамд дурдахад, хичээлийн шинэ жил эхэлснээс хойш Орхон аймагт зургаан хүүхэд зам тээврийн осолд өртжээ. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ