Эрдэнэт-Улаанбаатарын галт тэрэгний цагийн хуваарийг өөрчлөх асуудлыг дахин судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-30 15:39:40
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/   Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарийг өөрчлөх талаар Орхон аймгийн удирдлагуудын Зам тээврийн сайдад уламжилсаны дагуу Улаанбаатар төмөр замын Тээврийн хяналтын албанаас хариу иржээ.
Үүнд "Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарийг өөрчлөхийн тулд  олон улсын галт тэрэгний цагийн хуваарийг өөрчлөх шаардлага гарна. Гэвч олон улсын галт тэрэгний цагийн хуваарийг Олон улсын гэрээ хэлэлцээрээр тохирсон байдаг тул боломжгүй. Харин энэ асуудлыг хөндөхгүйгээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сум, Дархан-Уул аймгийн  зорчигч тээврийн галт тэрэгний цагийн хуваарийг өөрчилж болно. Ингэснээр Эрдэнэтийн зорчигчид Улаанбаатар хотод 5 цаг 40 минутад бус 8 цаг 26 минутад очих боломжтой ч олон хүндрэл учирч болзошгүй гэнэ. Тухайлбал, цагийн хуваарийн өөрчлөлтийн зар мэдээг олон нийтэд мэдээлэхэд цаг хугацаа, хөрөнгө их шаардана. Тиймээс энэ асуудлыг дахин судалж байна" гэсэн хариу иржээ. 
Дашрамд дурдахад, энэ сарын 5, 6-нд Орхон аймагт Зам тээврийн дэд сайд, УБТЗ-ын Удирдах газрын Тээврийн зохион байгуулалтын хяналтын албаны дарга  нар ирж ажилласан бөгөөд энэ үеэр цагийн хуваарийн талаар тулгамдаж байгаа асуудлаа танилцуулахад зургаадугаар сарын нэгнээс өмнө шийдвэрлэж хариу өгье гэсэн ажээ. Үүний дагуу Улаанбаатар Төмөр Замын Тээврийн хяналтын алба хариу ирүүлсэн байна.  
Б.Оюун-Эрдэнэ
 
 
Холбоотой мэдээ