Энэтхэгт "зика"-гийн халдварын анхны тохиолдлууд бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-05-29 09:40:28
ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэг улсад “зика” вирусийн халдвар авсан анхны тохиолдлууд бүртгэгдсэнийг тус улсын ЭМЯ нотлон мэдэгдлээ.

Шумуулаар дамждаг энэ өвчин нь Төв болон Өмнөд Америкаас гадна Зүүн Өмнөд Азийн улс орнуудад голдуу тархаад байгаа юм.

Насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг байна.

Энэтхэгийн албаны хүмүүс өчигдөр мэдэгдэл хийхдээ “энэ оны нэгдүгээр сар хүртэлх нэг жилийн хугацаанд баруун нутгийн Гужарат мужид “зика”-гийн халдвар авсан гурван тохиолдол бүртгэгдсэн” гэв.

64 настай нэг эрэгтэй, 22 ба 34 настай хоёр эмэгтэй уг вирусийн халдвар авчээ.

Халдвар авсан эмэгтэйчүүд  жирэмсэн байсан гэсэн мэдээлэл байна.

Тус улсын ЭМЯ мэдэгдэхдээ “уг вирусийн халдвар хязгаарлагдмал бүсэд тархсан. Халдвар дахин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авсаар байна” гэв.
 
Г.Доржханд
 
 

Холбоотой мэдээ