Манай жүдочид багаараа мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-28 18:53:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн ААШТ-ий багийн төрөлд Монголын эмэгтэй, эрэгтэй жүдочид багаараа мөнгөн медаль хүртлээ.

Багийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь удаагаа зохион байгуулахад Монгол-Японы эмэгтэй шигшээ баг жил бүр аваргын төлөө өрсөлдөж байгаа. Дөрвөн удаа мөнгөн медаль хүртсэн Монголын эмэгтэй жүдочид энэ удаад Японы багт 4:1-ээр ялагдаж, таван жил дараалан тивдээ финалдаж мөнгөн медалийн эзэн боллоо. Хүрэл медалийг БНСУ, Тайванийн эмэгтэй шигшээ баг хүртлээ.



Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн АТАШТ-ий багийн төрөлд Монголын эрэгтэй жүдочид анх удаа мөнгөн медалийн эзэд болов. Аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын багтай таарч 3:2-оор хожигдлоо.

ОУХМ Г.Хэрлэн 66 кг-д гурван вазари үнэлгээгээр хожиж яваад барилдааны төгсгөлд боох мэхэнд орж цэвэр хожигдсон. ОУХМ Г.Одбаяр 73 кг-д дэлхийн аварга Ан Чангримд вазари үнэлгээгээр хожигдсон бол 81 кг-д Н.Дагвасүрэн багтаа эхний ялалтыг авсан.

Г.Алтанбагана өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялж яваад гар хөшсөн хэмээн шүүгч эсрэг талд ялалт өгснөөр Монголын баг тивийн аваргад түрүүлэх найдваргүй болсон.

Харин +100 кг-д олимпийн хос медальт Н.Түвшинбаяр аварга Ким Сангвинийг даралтаар цэвэр ялж багтаа хоёр дахь ялалтыг авчирсан юм.  Хүрэл медалийг Япон, Ираны эрэгтэй баг хүртлээ.

 

Д.Өлзий

Холбоотой мэдээ