“Google”-ийн хиймэл оюун ухаан го даамын дэлхийн аваргыг хожжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2017-05-26 15:49:08

БЭЭЖИН. /BBC/. "Google"-ийн хөгжүүлж буй "AlphaGo" хиймэл оюун ухаан го даамын дэлхийн нэг номерын шилдэг тоглогч Ке Жие-г хожжээ. "AlphaGo" гурван тоглохоос хоёр дараалан хожсон байна.
 
"Google"-ийн "DeepMind"-ийн гүйцэтгэх захирал Демис Хассабис хэлэхдээ “Ке Жие маш сайн тоглож "AlphaGo"-г хүнд байдалд оруулсан” гэжээ. 

Ялагдсаныхаа дараа Ке Жие сэтгүүлчдэд ярихдаа “надад бага зэрэг харамсалтай байна, би уг нь нэлээд сайн тоглосон гэж бодож байлаа” гэж ярьжээ.
 
Го даамын тоглогчид хааш хаашаагаа 19x19 нүхтэй хөлгийн нүдэнд чулуу байрлуулж, хамгийн их орон зайг эзэлсэн нь хождог ажээ. 

Энэ тоглоом нь хамгийн хүнд хэцүү тоглоомуудын нэг бөгөөд компьютеруудын хувьд шатраас илүү хүнд тоглоом юм.

Дашрамд дурдахад, "DeepMind" нь оношилгооны аргуудыг боловсронгуй болгох чиглэлээр Их Британийн үндэсний эрүүл мэндийн албатай хамтран ажиллаж эхлээд байна. 


Х.Сарнай

 

 
 

Холбоотой мэдээ