Хүний эрхийн чиглэлээр гурван гомдол иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-05-26 09:12:20
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссын Сүхбаатар аймаг дахь мэргэжилтэнд 2016 онд найман удаагийн гомдол ирж байсан бол, энэ оны эхний таван сарын байдлаар гурван гомдол иржээ. Иргэдээс ирсэн гомдол нь зөвхөн ХЭҮК-д хамааралтай аж. Эрүү болон иргэний хэрэгтэй холбоотой олон санал гомдол ирдэг ч комиссд хамааралгүй, шийдвэрлэх боломжгүй  асуудлыг холбогдох байгууллагуудад шилжүүлдэг  байна.
Иргэдийн санал гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар ХЭҮК-ын Сүхбаатар аймаг дахь мэргэжилтэн Х.Наранцэцэгээс тодруулахад, “Манай байгууллагын үйл ажиллагаа бие даасан хуулиар зохицуулагддаг. Хуульд хамааралгүй, комисс шийдвэрлэх боломжгүй гомдлыг бид холбогдох байгууллагуудад шилжүүлдэг. Харин  комиссд хамааралтай асуудлыг судалж  хүний эрх зөрчигдсөн эсэх, зөрчигдөх нөхцөл бүрдсэн байна гэж үзвэл зөвлөмж өгч, дээд байгууллагад ханддаг. Анх Хүний эрхийн үндэсний комиссын мэргэжилтэн орон нутагт ажиллаж эхлэхэд хүний эрхийн талаарх иргэдийн ойлголт дутмаг, юу яриад байгааг ойлгохгүй байх хандлага байсан.
Бид сургалт сурталчилгаа, мэдээ мэдээллийг иргэдэд олон төрлийн хэлбэрээр хүргэж ажилласны үр дүнд тэдний хандлага өөр болсон. Би ямар эрхтэй вэ, миний эрх зөрчигдвөл яах ёстой вэ гэдгийг мэддэг болсон нь дэвшил. Манай байгууллагад хандах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Иргэдийн санал гомдлыг харахад гэр бүлийн хүчирхийлэл, цагдан хорихтой холбоотой, ажлын байрны дарамттай холбоотой гомдол илүү байх нь бий. 2017 он гарснаас хойш ажлын байрны дарамтаас үүдсэн  нэг гомдол ирсэн. Ийм төрлийн   гомдол өнгөрөгч онд хоёр ирж байсан. Тэгэхээр манай аймагт ажлын байрны дарамт байна гэдгийг харуулж буй" гэв. 
Тус байгууллага нь хүний эрхийг хамгаалах, хууль зүйн зөвлөгөө өгөхөөс гадна ард иргэдэд сургалт сурталчилгаа болон нөлөөллийн ажлыг хийдэг байна. Хүний эрхийн  мэргэжилтэн Х.Наранцэцэг энэ онд 19 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгсөн бол, долоон удаагийн сургалтыг зохион байгуулжээ. Харин 2016 онд 37 иргэнд зөвлөгөө өгч, 13 удаа сургалт зохион байгуулж, төрийн албан хаагч болон ард иргэдийн төлөөлөл болсон 1025 иргэнийг хамруулсан аж.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ