Баянхонгор, Өвөрхангай аймгийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн машин гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-05-25 17:06:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор, Өвөрхангай аймгийн  зарим сумын Эрүүл мэндийн төвд яаралтай түргэн тусламжийн 12 автомашиныг олголоо.

Монгол Улсын 2017 оны  улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Түргэн тусламжийн автомашин”-ы парк шинэчлэлтэд 4 тэрбум 452 сая төгрөг батлагдсан. Энэ дагуу нийлүүлэгчийг сонгох тендерийг зохион байгуулж, гэрээний дагуу УАЗ-315109, УАЗ-22069  маркийн нийт 151 машиныг өгөх юм. Үүнээс өнөөдөр ийнхүү яаралтай түргэн тусламжийн 12 машин гардуулсан юм.

Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ, “Бид нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилсан. Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” гээд түргэн тусламжийн автомашин хүлээн авч буй жолооч нартаа ажлын амжилт хүсэв.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ