"Манчестер Юнайтед" Европын Лигийн анхны аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-05-25 12:01:36
АНКАРА. /Anadolu/. Лхагва гарагийн орой Шведийн нийслэл Стокгольм хотын “Friends Arena” цэнгэлдэх хүрээлэнд Английн "Манчестер Юнайтед" баг "Аякс Амстердам" багийг 2-1 харьцаагаар буулган авснаар Европын Хөлбөмбөгийн Холбооны /УЕФА/ Европын Лигийн тэмцээнд түрүүллээ.

Тоглолтын 18 дахь минутанд Францын хагас хамгаалагч Пол Погбагийн эргүүлэгтэй цохилт "Улаан чөтгөрүүд"-эд оноо авчирсан бөгөөд эхний үе 1-0-ийн харьцаагаар өндөрлөв. 

Хоёрдугаар үе англичуудын давамгайллаар эхэлж, Хенрих Мхитарян бөмбөгийг мөрөөрөө өлгөн авч хаалганы торны дээд тал руу цохиж оруулснаар багийнхан болон хөгжөөн дэмжигчдээ хуйлрууллаа. 

Английн багийн бат бэх хамгаалалт "Аякс Амстердам"-ын хүчтэй довтолгоонуудыг бүтэлгүйтүүлснээр "Манчестер Юнайтед" клуб түүхэндээ анх удаа УЕФА-гийн Европын Лигийн тэмцээний аварга боллоо.
 
Ингэснээр "Манчестер Юнайтед"-ийн менежер Жозе Моуриньо багаа УЕФА-гийн Аваргуудын лигт 2 удаа, Европын Лигийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа ялуулж чадсан анхны менежер болжээ.
 
Тоглолт эхлэхийн өмнө Манчестер хотод болсон террорист халдлагад өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн “Friends Arena” цэнгэлдэх хүрээлэн нэг минутын турш нам гүм болсон байлаа.

Премьер Лигийн тэмцээний хүснэгтэд 6 дугаарт бичигдсэнээр Аваргуудын лигийн тэмцээнд орох боломжгүй болоод байсан Английн клубын хувьд энэхүү ялалт нь Аваргуудын лигт буцаж ирэх боломжийг олгожээ.
Х.Сарнай 



 


 

Холбоотой мэдээ